"Зургаагийн" орнуудын НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчид Нью-Йоркт уулзаж, Ираны эсрэг нэмж хориг арга хэмжээ авах тухай тогтоолын төслийн эхийг хэлэлцэж эхэллээ гэж Франц улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Жерар Аро уулзалтын төгсгөлд сэтгүүлчдэд энэ тухай мэдэгдэв. Яриа хэлэлцээний үйл явцыг гадарлах дипломатчийн хэлснээр лалын хувьсгалын хамгаалалтын Корпусын гишүүдийн тухайд нэмж арга хэмжээ авах, мөн тэнгисийн тээвэр, банк, даатгал, эрчим хүчний салбарт авсан хоригийг чангалахаар төлөвлөж байна. Орос, Хятадын дипломатчид өнөөдөр хэлэлцүүлэг үр нөлөөтэй болсон хэмээн мэдэгдээд, өөр тайлбар хийхээс татгалзсан юм. Иран энхийн зорилгоор атомын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэх нэрийдлээр цөмийн зэвсэг боловсруулж байна хэмээн АНУ болон өрнөдийн хэд хэдэн улс сэжиглэж, шинээр хориг авахыг шаардаж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өмнөх жилүүдэд Ираны эсрэг хориг арга хэмжээ авах хэд хэдэн тогтоол баталж, уран баяжуулахаас татгалзахыг шаарджээ. Тегеран ийнхүү буруутгаж байгааг үгүйсгэж, тус улсын цөмийн хөтөлбөр энхийн зорилготой хэмээн мэдэгдсэн юм. Асуудлыг хориг арга хэмжээ авалгүй дипломат арга замаар шийдэх хэрэгтэй. Гэхдээ Тегераны цөмийн хөтөлбөр ил тод бус байгааг Орос улс хүлээн зөвшөөрчээ. Ерөнхийлөгч Д.Медведев лхагва гаригт Вашингтонд Брукингийн хүрээлэнд хэлсэн үгэндээ, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ираны эсрэг хориг арга хэмжээ авахыг тэрээр хүсэхгүй байгаа ч, ийм арга хэмжээ авахаас аргагүй болохыг мөн хэллээ.
Орчуулсан Г.Нарангарав