АНУ-ын нийслэл Вашингтонд цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалт нэлээд амжилттай боллоо. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев дэлхийн 47 орны удирдагч оролцсон олон улсын форумыг ийнхүү дүгнэв. Уулзалтад оролцсон бусад оролцогч мөн ийм байр суурьтай байна. Дэлхий аюулгүй болсон гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама дээд хэмжээний төгсгөлд мэдэгдсэн юм. Ийнхүү өндөр үнэлэх бүх үндэслэл байна. Дээд хэмжээний уулзалтын төгсгөлд оролцогч орнууд цөмийн материалыг террористуудын гарт оруулахгүйн тулд ойрын 4 жилд цөмийн материалын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бүхнийг хийх үүрэг хүлээсэн баримт бичигт үсэг зурав. Үүний зэрэгцээ хэд хэдэн улс энэ зорилтод хүрэх алхам хэрэгжүүлэхээр зарласан юм. Тухайлбал Украин, Мексик улс Чилийн жишгээр дээд зэргээр баяжуулсан ураны бүх нөөцөөс ангижирахаар шийдсэн байна. Канад улс нөөцийнхөө ихэнх хэсгээс татгалзахаар болжээ. Зэвсгийн илүүдэл плутонийг устгах орос-америкийн протоколд гарын үсэг зурсан нь форумын гол үр дүнгийн нэг байлаа. Баримт бичигт зааснаар талууд тус бүр 34 тонн аюултай материалыг реактортоо шатаах ёстой юм. Энэ хэдэн мянган байлдааны цэнэгт хошуу бүтээхэд хүрэлцэнэ. Дэлхий ертөнцийг илүү аюулгүй болгоход зэвсэг үл дэлгэрүүлэх дэглэмийг чангалах хэрэгтэй гэдэгт дээд хэмжээний уулзалтад оролцогчид санал нэг байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев АНУ-д улс төр болон бизнесийн төлөөлөгчидтэй уулзахдаа энэ тухай ярилаа. “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч Михаил Куракин үйл явдлын газраас ийнхүү дамжуулж байна. Д.Медведев Вашингтонд Брукингсийн хүрээлэнд үг хэлсэн юм. АНУ-ын томоохон, нэр хүндтэй байгууллагын нэг болох энэ хүрээлэн судалгаа тэр дундаа олон улсын харилцааны чиглэлээр судалгаа явуулдаг юм. Энэ уулзалт байр сууриа илэрхийлэх нэг ёсны индэр боллоо. Орос улсын удирдагч дэлхийн томоохон асуудлыг хэрхэн ойлгож байгаа талаар энд ярисан юм.  Орос-америкийн хамтын ажиллагааны зонхилох хэсэг бүс нутгийн аюулгүй байдлын асуудал байдаг гэж ОХУ-ын ерөнхийлөгч тэмдэглэв. Бид аюулгүй байдлыг илүү найдвартай, ил тод аргаар хангах үүднээс Европын аюулгүй байдлын тухай гэрээ байгуулахыг санаачилсан юм. Энэ гэрээ ямар нэг байгууллагын эсрэг чиглээгүй. Энэ НАТО эсвэл Европ дахь аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын эсрэг оросын зальжин санаа биш юм. Бид Европ дахь аюулгүй байдлын өнөөгийн системийг илүү үр нөлөөтэй хууль эрхийн хэрэгслээр нөхөхийг л санал болгож байна.  Барак Обаматай хамгийн сүүлд уулзахад дэлхийн улс төрийн бэрхшээлтэй асуудал бус хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэн гэж ерөнхийлөгч Д.Медведев тэмдэглэсэн юм. Орос-америкийн харилцааны энэ хэсэг төдий л хөгжөөгүй болохыг Орос улсын төрийн тэргүүн хүлээн зөвшөөрөв. Гэхдээ сүүлийн үед үүнд онцгой анхаарал хандуулж байна. Америкийн бизнес эрхлэгчид Орос улсад амжилттай ажиллах бүх нөхцлийг бүрдүүлнэ гэж Д.Медведев амлав. Орос улсын ерөнхийлөгч Ираны сэдвийг мөн орхисонгүй. Энэ улсын цөмийн хөтөлбөр дэлхийн хамтын нийгэмлэгт заналхийлж байгаа тул хориг арга хэмжээ авахыг тэрээр үгүйсгэсэнгүй. Хориг арга хэмжээ нь эргэцүүлсэн, энгийн хүн амд нөлөөлөх ёсгүй гэж орос улсын ерөнхийлөгч үзэж байна. Ард түмнийг зовоох, “өрөөсгөл” хэмээн нэрлэдэг хориг арга хэмжээ авахыг би дэмжихгүй. Нэгдүгээрт энэ ёс суртахуунд таарахгүй, хоёрдугаарт энэ эсрэг, маш аюултай үр дүнд хүргэж болзошгүй. Ираны эсрэг хориг арга хэмжээ нь ухаалаг, төгс, энэ асуудлаарх олон улсын явцын үндсэн оролцогчтой тохиролцсон, нэг үр дүнд хүрэхэд чиглэсэн байна. Тэгэхлээр хориг арга хэмжээ авахад АНУ, Европ, Орос улс төдийгүй Хятад, латин Америкийн байр суурь чухал юм. Энэ асуудлаар санаа нэгдсэн тохиолдолд үр дүнд хүрнэ. Афганистан, Киргиз, москвагийн метронд болсон алан хядах ажиллагаа, Барак Обаматай мессежээр харилцсан зэрэг ганц ч сэдвийг ерөнхийлөгч Д.Медведев орхисонгүй. Тэрээр америкийн олон нийтийн сонирхосон бүх асуултанд дэлгэрэнгүй, дээд зэргийн нээлттэй хариулсан юм. Энэ яриа Орос орныг илүү ойлгоход америкчүүдэд тусална гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Орчуулсан Г.Нарангарав