Орос улсын ерөнхийлөгч зэрэг 47 орны удирдагч, НҮБ, МАГАТЭ, Европын Холбооны төлөөлөгч оролцож байгаа Вашингтонд болж буй дээд хэмжээний уулзалтын үндсэн сэдэв цөмийн аюулгүй байдлыг дээшлүүлж, цөмийн терроризмын аюул заналаас сэргийлэх тухай байна. Дээд хэмжээний уулзалтын өмнө Орос, АНУ-ын ерөнхийлөгч нар стратегийн давшилтын зэвсгийн шинэ хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Д.Медведев цөмийн зэвсэгтэй бусад гүрэн энэ үйл явдлыг “сэдвээс холдож, зайлах” боломж хэмээн үзэхгүй байхыг 4-р сарын 8-нд Прага хотноо уриалсан юм. Харин эсрэгээр цөмийн зэвсэгтэй гүрнүүд энэ яриа хэлэлцээнд дээд зэргээр оролцох ёстой. Орос, АНУ зэвсэг хураах арга хэмжээ авч байхад, дэлхий ертөнц тэс өөр чиглэлд хөдлөх нөхцөл байдлыг бид төсөөлөх аргагүй гэж Орос улсын ерөнхийлөгч мэдэгдэв. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамын хэлснээр Вашингтонд болж байгаа дээд хэмжээний уулзалтад оролцогчид дэлхийд байгаа цөмийн бүх материалыг дөрвөн жилийн хугацаанд ямар хэлбэрээр аюулгүй болгохыг шийдэх учиртай. Мөн дээд хэмжээний уулзалтаар “ цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц, цөмийн терроризмын үйл ажиллагааны эсрэг тэмцэх тухай олон улсын конвенц зэрэг олон улсын хууль эрхийн холбогдох механизмыг түгээмэл болгох асуудлыг” хэлэлцэнэ гэж Орос улсын Гадаад хэргийн яамнаас уламжлав.