Москвагийн метро болон Дагестаны Кизляр хотод болсон алан хядах ажиллагааг зохион байгуулж, үйлдсэн хүмүүс, тэдний хань хамсаатнуудын хүрээг тогтоолоо. Үндэсний терроризмтай тэмцэх хороо, Холбооны аюулаас хамгаалах албаны захирал Александр Бортников энэ тухай мэдэгдэв. Террористууд нийгмийг айдас хүйдэст автуулж, улс орныг тогтворгүй болгохыг зорьж байгаа нь энгийн олон арван хүний аминд хүрсэн сүүлийн үеийн алан хядах ажиллагаанаас илт байна гэж Терроризмтай тэмцэх үндэсний хорооны тэргүүн өнөөдрийн хуралдааны үеэр мэдэгджээ. “Энэ оролдлого ирээдүйгүй бөгөөд аюулгүй байдлыг хангах талаар улсаас авч байгаа арга хэмжээг чангалж, террористуудад сэрэмжлүүлэх, ширүүн хариу өгөхөд чиглэнэ” гэж Холбооны Аюулаас Хамгаалах Албаны захирал тэмдэглэв. “Террорист ажиллагааг зохион байгуулж, үйлдсэн хэн боловч, мөн тэдэнд дэмжлэг үзүүлсэн хүнд зохих шийтгэл ноогдуулна гэдгийг дээрэмчид мэдэх ёстой” гэж Бортников хэллээ.