Киргизийн ерөнхийлөгч Курманбек Бакиев тус бүгд найрамдах улсын нийслэлийг нутгийн өмнөд хэсгийн Жалал-Абад эсвэл Ош хотод шилжүүлэхийг үгүйсгэхгүй.Тэрээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, зэвсэггүй хүмүүсийн өөдөөс буудах тушаал өгөөгүй хэмээн мэдэгдэж, цус урсгасан энэ үйл явдлын бүх хариуцлагыг сөрөг хүчний удирдагчдад тохож байна. Киргизийн өмнөд хэсэгт төрлөх Тейит тосгонд байгаа Бакиев тус бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрээс гарсан дээр гэж Киргизийн түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаева үүний зэрэгцээ мэдэгдэв. “Хүний амь эрсдэхээс сэргийлж, киргизийн шинэ удирдлага түүнийг хүчээр саатуулахгүй” гэж тэрээр хэллээ. Киргизд 4-р сарын 6-7-нд ерөнхийлөгчийн эсрэг олон нийтийг хамарсан цуглаан болсон юм. Цагдаагийн ажилтнуудтай буудалцаж, мөргөлдөх үеэр 80 гаруй хүн үрэгдэж, 1500 орчим хүн шархаджээ. Төр засаг ардын хурлын үйл ажиллагааг хориглож, сөрөг хүчний удирдагчдыг баривчилснаас мөргөлдөөн гарчээ. 2005 онд “Алтан зул цэцэг” хэмээн нэрлэсэн хувьсгалаар засгийн эрхэнд гарсан ерөнхийлөгч Бишкек хотоос явсан, харин сөрөг хүчин Роза Отунбаевын тэргүүлсэн түр засгийн газрыг байгуулжээ.