Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцохоор Вашингтонд хүрэлцэн ирэв. Дээд хэмжээний уулзалтад  47 орон, НҮБ, Олон улсын  Атомын эрчим хүчний агентлаг /МАГАТЭ/ болон Европын Холбоо оролцоно. Дээд хэмжээнд болох уулзалт нь цөмийн материалын аюулгүй байдлыг хангаж, үүнийг дээд зэргээр бүрэн бүтэн хадгалах, мөн цөмийн материал террорист эсвэл бусад гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүдийн гарт орохоос сэргийлэх зэрэгт олон улсын хамтын нийгэмлэгт туслахад чиглэсэн юм. Сан-Франциско хотод 1945 онд НҮБ-ыг үүсгэн байгуулах бага хурлаас хойш энэ уулзалт АНУ-д болж байгаа хамгийн томоохон хэмжээний олон улсын форум болох төлөвтэй. Өнөөдөр орой буюу Москвад лхагва гариг болоход орос улсын төрийн тэргүүн Брукингсийн хүрээлэнгийн улс төрийн төвд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх сэдвээр Орос улсын байр суурийг танилцуулна. "Бүх улс орон үндэсний үр ашигтай холбогдох системтэй болбол" дэлхийг хамарсан цөмийн аюулгүй байдлыг хангана. Оросын нутаг дэвсгэрт цөмийн бүх материал, холбогдох төхөөргийг найдвартай хамгаалж байгаа. Орос улс цөмийн аюулгүй байдлын салбарт олон улсын үүргээ бүрэн биелүүлж байгаа гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько мэдэгдэв. Орос улс цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцид нэгдэж, цөмийн терроризмын үйл ажиллагаатай тэмцэх олон улсын конвенцийг батлахыг санаачилж, үүнийг хамгийн түрүүнд баталсан орныг нэг юм. Орос улс, МАГАТЭ 3-р сарын 29-нд ОХУ-ын нутаг дэвсгэрт бага түвшинд баяжуулсан ураны баталгаат нөөц бүрдүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Дээд хэмжээний уулзалтын төгсгөлд мэдэгдэл, ажлын төлөвлөгөө хоёр баримт бичиг батална. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд улс бүр цөмийн аюулгүй байдлын сэдвээр үндэсний меморандум түгээнэ.
Орчуулсан Г.Нарангарав