Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский болон төр засгийн бусад удирдагчид онгоцны осолд өртөж харамсалтайгаар амь үрэгдсэнтэй холбогдуулж Орос улс болон өөр хэд хэдэн улсад өнөөдөр гашуудал зарлаад байна. Ту-154 онгоц 4-р сарын 10-ны өглөө Смоленск орчимд сүйрсэн билээ. Урьдчилсан мэдээгээр онгоц маш өтгөн манантай үед модны орой шүргэж унасан байна. Онгоцонд 88 зорчигч, багийн 8 гишүүн нийт 96 хүн байжээ. Нэг ч хүн амьд гараагүй байна. Амь үрэгдэгсдийн дунд ерөнхийлөгч гэргийн хамт, өндөр албан тушаалын хүмүүс, цэргийн дээд тушаалын дарга нар байжээ. Улс төрийн хэлмэгдэлтэд өртсөн хүмүүсийг оршуулсан Катыньд гашуудлын ажиллагаанд оролцохоор явж байсан юм. Польш улсад долоо хоногийн гашуудал зарлаад байна. Энэ сүйрлийг Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев «урьд хожид узэгдээгуй аймшигтай» гэж нэрлэлээ. Медведев Польшийн ард түмэнд хандаж хэлэхдээ, «Оросын ард түмэн та бүхэнтэй хамт эмэгнэн гашуудаж байна» гэж мэдэгдлээ. Энэ сүйрэлтэй холбогдсон бүх нөхцөл байдлыг нарийн чанд мөрдөн байцаахдаа польшийн талыг бүрэн оролцуулна гэж ерөнхийлөгч амаллаа. Сүйрэлтэй холбогдуулж байгуулсан Улсын комиссийг ерөнхий сайд В.Путин тэргүүлж байна. Орос улс, Польшийн ерөнхийлөгч Лех Качиньскийг сүүлчийн замд нь хүндэтгэлтэйгээр үдлээ. Смоленскийн цэргийн нисэх буудал дээр салах ёс гүйцэтгэх ажиллагаа боллоо. Энэ ажиллагаанд ОХУ-ын ерөнхий сайд В.Путин, Польш улсаас Орос улсад суугаа элчин сайд Ежи Артур Бар байлцлаа. Дараа нь Польш улсын хүндэт харуул шарилыг, польшийн АЦХ-ний онгоцонд байрлууллаа. Хоёр цагын дараа онгоц варшавын «Окенче» нисэх онгоцны буудалд газардсан байна. Амь үрэгдэгсдийн төрөл төрөгсөд Москвад хүрэлцэн ирсээр байна. Домодедова нисэх буудалд ОБЯ-ны штабын сэтгэл зүйчид, эмч нар байнга жижүүрлэж байна. Зочид буудал, хоол хүнс, оршуулгын бүх зардлыг Москва хотын засгийн газар дааж байна. Амь үрэгдэгсдийн ихэнх төрөл төрөгсөд «Ренессанс» зочид буудалд байрлаж байна.