0Сөргөлдөгч талуудаас холбогдох хүсэлт тавьсан тохиолдолд Оросын цэргийнхэн Киргизд энхийг сахиулах ажиллагаанд үндсэндээ оролцох боломжтой. ОХУ-ын Холбооны Зөвлөлийн батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Хорооны дарга Виктор Озеров Москвагийн энэ байр суурийг тодорхойллоо.  Киргизд болж байгаа үйл явдал энэ улсын дотоод хэрэг хэдий ч, НҮБ эсвэл Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын цэргийн бүрэлдэхүүнд энхийн сахиулагчдаа илгээх асуудлыг хэлэлцэхэд Орос улс бэлэн. Гадаадад энхийг сахиулах ажиллагаанд Оросын цэргийг илгээх ерөнхийлөгчийн шийдвэрийг сайшаах ёстой Оросын эцсийн шатны байгууллага Холбооны Зөвлөл юм. Юуны түрүүнд хүмүүнлэгийн хямарал, олон хүний цус урсахаас сэргийлэхэд тусламж шаардлагатай улс орны удирдлага төрийн тэргүүнд хандах ёстой. Киргиз улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн тул энэ байгууллагын хүрээнд энхийг сахиулах ажиллагаа явуулж, оросын цэргийнхнийг Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын хүчний бүрэлдэхүүнд Киргизд илгээх боломжтой. Эсвэл Киргизийн төр засаг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хүсэлт гаргаж, ерөнхий нарийн бичгийн дарга Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудад холбогдох мандат өгвөл НҮБ-ын энхийг сахиулах хүчний бүрэлдэхүүнд оросын цэргийг тийш илгээх боломжтой. Энэ үйл явцыг сахин мөрдөсний дүнд оросын энхийг сахиулагчдыг Киргизд илгээх бүрэн боломжтой гэж ТУХН-ийн орнуудын Хүрээлэнгийн Дундад болон Төв Азийн газрын дарга Андрей Грозин үзэж байна.  Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын дүрэмд тус байгууллагын шуурхай хариулах хүчин гадны болзошгүй аюул заналыг зогсооход чиглэснийг тодорхой заасан байдаг. Харин Киргизд болж байгаа үйл явдал одоогоор тус бүгд найрамдах улсын дотоод хэрэг юм. Үүнээс гадна ерөнхийлөгч Бакиев, мөн түр засгийн газрын аль нь ч Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас одоохондоо тусламж хүсээгүй байна. Киргизд ойрын өдрүүдэд байдал намжиж, гадны хүчин оролцох шаардлага гарахгүй гэж би найдаж байна. Хэрэв үйл явдал дордох тийшээ хандавал Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага гишүүн нэг орны хувь заяаг хөсөр хаяхгүй болох нь гарцаагүй. Үүний зэрэгцээ одоогоор Киргизийн нутаг дэвсгэрт энхийг сахиулагчдыг оруулах хууль эрх зүй болон улс төрийн урьтал нөхцөл бүрдээгүй байна. Нийслэл Бишкект өдөр тутмын амьдрал аажмаар сэргэж байна. Хотын бүх албад ердийн горимоор ажиллаж эхэллээ. Нийслэлд орж, гарах бүх цэгт галт зэвсэг, дэлбэрэх хэрэгсэл илрүүлэх хяналт-шалгалтын цэг ажиллаж байна. Үүнээс гадна Дотоодын цэргийн албан хаагчид, мөн сайн дурын ардын бүлгэмээс бүрдсэн бригад дэлгүүрийг дээрэмчдээс хамгаалж, гудамжинд нийгмийн хэв журмын бусад зөрчил гарахаас сэргийлж байна. Авсан арга хэмжээний дүнд өчигдөр шөнө Киргизийн нийслэлд гэмт хэрэг гараагүй гэж Киргизийн Дотоод хэргийн яам, ардын журамт цэргийн штаб мэдээлэв. Гэсэн ч түргэн тусламжийн дуудлага сүүлийн өдөр эрс нэмэгджээ. Хотын оршин суугчид голдуу сэтгэл зүйн тусламж авахаар хандаж байна. Киргизийн түр засгийн газрын зарласан үндэсний гашуудлын хоёр дахь өдөр өнөөдөр буюу бямба гаригт тохиож байна. Сүүлийн үеийн мэдээгээр үймээний улмаас 79 хүн үрэгдэж, 1500 гаруй хүн шархадсан байна.


0Орчуулсан Г.Нарангарав