Смоленск орчимд болсон нисэх онгоцны ослоор польшийн ерөнхийлөгч, польшийн иргэд амь үрэгдсэнтэй холбогдуулан Орос улсад 4-р сарын 12-нд үндэсний гашуудал зарлалаа. Ерөнхийлөгч Д.Медведев польшийн ард түмэнд хандан ийнхүү мэдэгдэв. “Оросын ард түмний нэрийн өмнөөс польшийн ард түмэнд хамгийн гүн, чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж, амь үрэгдсэн хүмүүсийн ойр дотны хүмүүс, төрөл садныг дэмжин, нигүүлсэх сэтгэлээ илэрхийлж байна” гэж тэрээр хэллээ. Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский, түүний гэргий Мария болон польшийн иргэд нисэх онгоцны осолд амь үрэгдсэн аймшигт эмгэнэлт хэрэгт цочирдсоныг ерөнхийлөгч тэмдэглэв. “Энэ өдрүүдэд бид Катынид хамтдаа тэдний дурсгалыг хүндэтгэлээ” гэж Д.Медведев хэлэв. Качиньский польш офицеруудын дурсгалыг өөрийн биеэр очиж хүндэтгэхээр Варшаваас Орос улсад ниссэн юм. “Оросын бүх ард түмэн та бүхэнтэй уй гашууг хуваалцаж, гашуудал зарлаж байна” гэж Д.Медведев Польшийн ард түмэнд хандан мэдэгдлээ. Польшийн талтай хамтран нисэх онгоцны ослын шалтгааныг нарийн мөрдөн шалгана гэж тэрээр амлав. Өтгөн манантай, эргэн тойрны байдал муу харагдаж байсан тул польшийн нисэх онгоц модны оройд тээгэлдэж, сүйдсэн урьдчилсан мэдээ байна. Онгоцонд 97 хүн явсанаас, хэн ч амьд гарсангүй. Польшийн төлөөлөгчид улс төрийн хэлмэгдүүлэлтэд бөөнөөр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцохоор Катынь хотыг зорьж явжээ.