Орос улсын Смоленск мужид Польшийн ерөнхийлөгч Лех Качиньскийн нисэх онгоц сүйджээ. Польшийн ерөнхийлөгч, гэргий Мария нараас гадна нисэх онгоцонд польшийн дээгүүр тушаалын төлөөлөгчид, багийн гишүүд нийт 132 хүн явжээ. Тэд бүгд үрэгдсэн байна. Польшийн нисэгчид жолоодож явсан Ту-154 нисэх онгоц өтгөн манантай үед буухдаа сүйдсэн гэж Орос улсын прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах хороо мэдэгдсэн юм. Нисэх онгоц модны оройд тээгэлдэж, газар мөргөсний дараа гал гарсан байна. Нисэх онгоц цэргийн “Северный” нисэх буудлаас холгүй хэдэн хэсэгт хуваагджээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев ослын нөхцөл байдлыг мөрдөн шалгах В.Путинээр ахлуулсан засгийн газрын комисс байгуулсан юм. Онц байдлын яамны сайд Сергей Шойгу туршлагатай мөрдөгч, криминалистикийн мэргэжилтнүүдийг ослын газар даруй илгээжээ. Польшийн засгийн газар Варшав хотод онц хуралдаан хийж байна. Ерөнхийлөгч Качиньский дарангуйллын залхаан цээрлүүлэлтэд амь насаа үрэгдсэн хүмүүсийн дурсгалд Орос улсад анх удаа босгосон олон улсын дурсгалын цогцолбор байдаг Катынь хотод очихоор нисч явжээ.