Польшийн ерөнхийлөгч нисэх онгоцны ослоор үрэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Польшийн Маршал Сеймийн дарга Бронислав Коморовскийд эмгэнэлийн цахилгаан утас илгээв. Кремлийн хэвлэлийн албанаас энэ тухай мэдэгдлээ. ОХУ-ын ерөнхий сайд В.Путин Польшийн ерөнхий сайд Дональд Тускад эмгэнэл илэрхийлжээ. Цаг агаарын таагүй нөхцөл, хүний хүчин зүйл, техникийн гэмтэл гэсэн Польшийн ерөнхийлөгч Лех Качиньскийн нисэх онгоц сүйрсэн гурван хувилбарыг мөрдөн шалгаж байна. Смоленск мужийн Мөрдөн шалгах удирдах газрын эх сурвалж энэ тухай уламжлав. Өнөөдөр польшийн ерөнхийлөгчийн нисэх онгоц сүйрсэн Смоленск-Северный нисэх буудлын ойролцоо орших тосгоны оршин суугчид нисэх онгоц манантай нөхцөлд хэд хэдэн удаа газардах гэж оролдсоныг харсан гэжээ.