Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский, түүний гэргий Мария болон польшийн дээгүүр тушаалын хэд хэдэн түшмэд, польшийн олон нийтийн байгууллагын удирдагчид нисэх онгоцны сүйрэлд үрэгдлээ. Оросын баруун хэсэгт орших Смоленкс хотын ойролцоо ТУ-154 польшийн ерөнхийлөгчийн нисэх онгоц сүйдсэн байна. Катынийн эмгэнэлт үйл явдлын ойг тохиолдуулсан гашуудлын арга хэмжээнд оролцохоор ерөнхийлөгчийн ахалсан Польшийн төлөөлөгчид Варшаваас Орос улсад ниссэн юм. Польшийн төлөөлөгчдийн суусан нисэх онгоц 10 цаг 55 минутанд радараас алга болжээ. Нисэх онгоцны сүйдсэн хэсгийг Смоленскийн нисэх буудлаас нэг километрийн зайд илрүүлсэн юм. Ослын шалтгаан багийн гишүүдийн алдаа байж магадгүй хэмээн Смоленск мужийн дарга Сергей Антуфьев хэллээ. Польшийн ерөнхийлөгч явсан нисэх онгоц буух зурвас хүрч чадаагүй байна. Нисэх онгоц модны оройд гогдож, газар унан хуваагджээ. Ослоос амьд гарсан хүн байхгүй байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хэдэн хүн байсныг тодруулж байна. Урьдчилсан мэдээгээр төлөөлөгчид, багийн гишүүд 85 хүн байжээ. Орос улсын ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын Онц байдлын яамны сайд Сергей Шойгу, ОХУ-ын Прокурорын Мөрдөн шалгах хорооны дарга Александр Бастыркин , ОХУ-ын Тээврийн яамны сайд Сергей Ливитин нар хэргийн газар очихоор нисчээ. ОХУ-ын Прокурорын Мөрдөн шалгах хорооны туршлагатай мөрдөгч, криминалистикуудыг ослын газар илгээсэн байна. Смоленск орчимд өглөө өтгөн манантай байсан нь одоогоор тодорхой байна. Польшийн нисэх онгоц Белорусын нийслэл Минск, эсвэл Москвад буух байсан юм. Харин нисэгч Смоленскт буухаар шийдсэн байна. Нисэх онгоц дөрөв дэх удаа буух гэж оролдохдоо, модны оройд тээгэлдэж, сүйджээ. Нисэх онгоц газар унаж, хоёр хэсэг хуваагдан гал гарсан байна. Ийм нөхцөлд амьд гарах боломж байхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нисэх онгоцонд Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский, түүний гэргий Мария Качиньски, ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Владислав Стасяк, Польшийн цэргийн ерөнхий штабын дарга Франтишек Гонгор, хамба Тадеуш Плоский, зовлон, тэмцлийн төлөө үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хамгаалах зөвлөлийн захирал Анжей Пшевозник, батлан хамгаалахын сайд асан, зүүнтний хүчний ардчилсан Холбооны намаас Польшийн ерөнхийлөгчид нэр дэвшсэн Ежи Шмайзиньский, мөн дээгүүр тушаалын түшмэд, улс төрчид, олон нийтийн зүтгэлтнүүд явжээ.