ОХУ болон АНУ-ын ерөнхийлөгч нар пүрэв гаригт Прага хотноо гарын үсэг зурсан СДЗ-ийн шинэ хэлэлцээрийг аль болох хурдан батлахыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон америкийн конгрессийн сенат дахь бүгд найрамдах нам, мөн ардчилсан намын гишүүдэд уриалав. “АНУ, Орос улс цөмийн зэвсгээ 1950 оноос хойш хамгийн доод түвшинд хүртэл хорогдуулахаар заасан шинэ хэлэлцээрийг сенат дахь хоёр нам батлах ёстой ” гэж Хиллари Клинтоны хэлснийг ИТАР-ТАСС агентлаг иш татан мэдээлэв. Тэрээр гарын үсэг зурсан хэлэлцээрийг түүхэн хэмээн нэрлэв. “Энэ хэлэлцээр бидний үндэсний ашиг сонирхолд нийцэж байгаа гэдэгт бид итгэлтэй байна” гэж Клинтон хэллээ. СДЗ-ийн талаарх шинэ хэлэлцээрийг нэн даруй баталснаар АНУ-ын аюулгүй байдлыг бэхжүүлэхээс гадна Иран, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдэх их боломж бүрдэнэ гэдэгт Төрийн нарийн бичгийн дарга итгэлтэй байна. Орос, АНУ-ын ерөнхийлөгч нар 4-р сарын 8-нд Прага хотноо Стратегийн давшилтын зэвсгийн тухай шинэ хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Яриа хэлэлцээ бараг жил үргэлжилж, эцсийн дүнд цөмийн байлдааны нөөцийг ойролцоогоор гуравны нэгээр хорогдуулахаар шийджээ. Шинэ хэлэлцээрийн дагуу талууд тус бүр 1550 байлдааны цэнэгт хошуутай байна. Үүнээс гадна талууд өөрийн нутаг дэвсгэрээс гадна стратегийн зэвсэг үл байрлуулах үүрэг хүлээжээ.