Киргизийн түр засгийн газар ерөнхийлөгч Курманбек Бакиев бүрэн эрхээ шилжүүлбэл хувийнх нь аюулгүй байдлыг хангахаа батлав. Сөрөг хүчний төлөөлөгч Эдиль Байсалов интернетэд ийм мэдэгдэл тавьжээ. Бакиев түүний гэр бүлийнхэн Киргизд иргэний дайн дэгдээх оролдлогоо зогсоохгүй байна гэж тэрээр мөн мэдэгдэв. Тэд хүн амыг айлган сүрдүүлж, алан хядах ажиллагаа үйлдэх гэмт бүлэг байгуулахаар зэвсэг, мөнгө тарааж байна. Түр засгийн газар ерөнхийлөгчийн халдашгүй байдлыг цуцлахын тулд улс орны үндсэн хуулийг өөрчлөх бодолтой байна. Түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ. Киргизд 4-р сарын 7-нд  олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал дэгдсэн юм. Курманбек Бакиев Бишкекээс явсан бөгөөд одоо улс орны өмнөд хэсэгт байна. Засгийн эрхийг булаан авсан сөрөг хүчин парламентыг тарааж, сайд нарын шинэ танхим байгуулснаа зарласан юм. Бакиев ерөнхийлөгчийн бүрэн эрхийг шилжүүлэхгүй, түр засгийн газартай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна хэмээн мэдэгджээ.
Орчуулсан  Г.Нарангарав