Киргизийн түр засгийн газрын төлөөлөгчид нийгэм-эдийн засгийн нэн хүнд байдалд байгаа энэ улс оронд тусламж үзүүлэх асуудлаар Москвад яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Шилжилтийн засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Алмазбек Атамбаев төлөөлөгчдийг тэргүүлж байна. Тус бүгд найрамдах улсын өмнөх удирдлагын бодлогын эсрэг олон нийтийг хамарсан эсэргүүцлийн ажиллагааны дараа шилжилтийн засгийн газрыг цагдаа, арми, хилийн албад дэмжихээ мэдэгджээ. Үүний зэрэгцээ Киргиз улс багтдаг Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын төлөөлөгчид шинэ засаг захиргаа болон тус бүгд найрамдах улсын тэргүүлэх улс төрчидтэй яриа хэлэлцээ хийхээр Бишкект ирэв. Төлөөлөгчид улс орны байдалд дүн шинжилгээ хийж, нөхцөл байдлыг хэвийн болгох санал бэлтгэнэ. Дараа нь саналыг энэ жил Орос улс даргалж байгаа Хамтын Аюулгүй байдлын гэрээний байгууллага эхэлэлцэнэ. Мөн түр засгийн газрын шийдвэрээр 4-р сарын 6, 7-нд дэгдсэн үймээний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн Киргизд баасан, бямба гаригт гашуудал зарлав. Сүүлийн үеийн мэдээгээр олныг хамарсан энэ үймээнд 75 хүн үрэгдэж, 1500 гаруй хүн бэртэж гэмтжээ. Бишкект байдал хүнд байгаа тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичиж байна. Нийслэлд сүүлийн өдрүүдэд дээрэм, тонуул гарсаар байна. Тонуулчид зэвсэгтэй эсэргүүцвэл гал нээхийг түр засгийн газар цагдаагийн ажилтнуудад зөвшөөрчээ. Олон нийтийн байгуулсан сайн дурын ардын бүлгэм хууль зөрчигчдөд шийдвэртэй цохилт өгч байна. Үүний дүнд байдлыг нэлээд тогтворжуулж, үймээн дэгдээж байгаа залуусын хөл хөдөлгөөнийг хотоос зайлуулжээ. Нийслэл Бишкекээс тус бүгд найрамдах улсын өмнөд хэсэгт ирсэн, албан ёсоор хүлээн зөвшөөрсөн ерөнхийлөгч Курманбек Бакиевийн тухайд тэрээр өчигдөр эцсийн мөчид ам нээж, нийслэлээс гарснаас хойш анх удаа гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдэгдэл хийлээ. Бакиев болж байгаа үйл явдалд нөлөөлж чадахгүй болохоо хэлсэн ч, ялагдсанаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, түр засгийн газартай яриа хэлэлцээ хийхэд бэлэн болохоо мэдэгдэв. Курманбек Бакиев болон засгийн эрхэнд гарсан сөрөг хүчин сөргөлдөвөл Киргизд иргэний дайн дэгдэнэ гэж зарим улс төрч үзэж байна. Тэрээр үймээний дараа ирсэн тус бүгд найрамдах улсын өмнөд бүс нутгийнхны дэмжлэгэд үндсэндээ найдаж магадгүй байна. Нутгийн өмнөд хэсгийнхэн түүнийг дэмжих магадлал бага хэмээн бусад шинжээч үзэж байна. Ийм бодолтой хүмүүсийн нэг ТУХН-ийн орнуудын хүрээлэнгийн орлогч захирал Владимир Жарихин юм: Миний бодлоор өнгөрөгч шөнийн байдлаар иргэний дайн гарах магадлал бага санагдсан. Учир нь Курманбек Бакиев хариугаа авах эсэргүүцлийн хүчин байгуулж чадахгүй болохыг бид бараг харж байна. Тэгэхлээр түүнд ийм хүчин байхгүй. Тиймээс шинэ засаг захиргаанд одоо иргэний дайн бус иргэний тайван байдлыг сэргээж, дээрэмчидтэй тэмцэх нь гол асуудал байна гэж Оросын нэрд гарсан улс төр судлаач үзэж байна. Хэдийгээр Москва, Вашингтон тус бүс нутагт геополитикийн өөр өөр ашиг сонирхолтой ч, Киргизийн хямарлыг тайван замаар зохицуулахыг сонирхож байна. Оросын цэрэг Киргизд байгаа тул бүрэн далайцтай иргэний дайн гарахгүй гэж зарим шинжээч үзэж байна. Тус бүгд найрамдах улсад өчигдөр оросын иргэд, дипломат төлөөлөгчийн газрын аюулгүй байдлыг хангах десантын бүлэг илгээсэн байна.