Киргизд 4-р сарын 6 болон 7-нд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн тус бүгд найрамдах улсад хоёр өдөр гашуудал зарлалаа. Улс оронд төрийн далбаа бөхийлгөн, гашуудлын арга хэмжээ болж байна. Сүүлийн үеийн мэдээгээр ард түмний эсэргүүцлийн ажиллагааны улмаас 75 хүн үрэгдэж, 1500 гаруй хүн гэмтэж бэртжээ. Бишкекийн байдал хүнд хэвээр байна гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдсан байна. Нийслэлд өнөө хир дээрэм, тонуул гарсаар байна. Гэмт этгээдүүдийн олонх нь зэвсэглэжээ. Тэд томоохон худалдааны төв, компанийн ажлын байрыг тонож байна. Түр засгийн газар дээрэмчид зэвсэгтэй эсэргүүцвэл гал нээхийг цагдаагийнханд зөвшөөрчээ. Тус бүгд найрамдах улсын Талас хотод өнгөрсөн мягмар гаригт болсон олныг хамарсан цуглаан бусад бүс нутагт мөн гарсан юм. Төр засаг сөрөг хүчний гарт шилжсэн байна. Огцорсон ерөнхийлөгч, сайд нарын танхимын үүргийг Роза Отумбаевагийн тэргүүлсэн “ардын итгэл хүлээсэн засгийн газар” авчээ. Киргизийн үндсэн хууль, улс төрийн намуудын сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах нь ойрын хагас жилийн гол зорилт байна гэж тэрээр мөн мэдэгдсэн юм. Киргизийн ерөнхийлөгч Курманбек Бакиев огцрох бодолгүй, сөрөг хүчинтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн хэмээн мэдэгджээ.