0СДЗ-ийн шинэ хэлэлцээр дэлхий дахинаа илүү аюулгүй нөхцөл бүрдүүнэ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Чехийн Прага хотод баримт бичигт гарын үсэг зурсны дараа энэ тухай мэдэгдэв. Шинэ хэлэлцээрийн дагуу Орос, АНУ-д тив хоорондын баллистик пуужин, хүнд бөмбөгдөгч болон шумбагч хөлөгт байрлуулах баллистик пуужин зэрэг тээгчийн хэмжээ хоёр дахин бага болох юм. Байлдааны цэнэгт хошууг гуравны нэгээр хорогдуулна. Шинэ хэлэлцээр орос-америкийн харилцаанд шинэ хуудас нээж байна гэж Д.Медведев үзэж байна. Тэрээр “энэ амаргүй үйлсэд хамтран ажиллаж, ухаалгаар тохиролцсонд” АНУ-ын ерөнхийлөгчид талархав. СДЗ-ийн тухай шинэ хэлэлцээрт гарын үсэг зурсныг Д.Медведев “түүхэн үйл явдал” хэмээн нэрлэв. АНУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системээ “тоо хэмжээ, чанарын” хувьд өргөжүүлэхгүй тохиолдолд шинэ хэлэлцээ үйлчилж, амьдрах чадвартай байна гэж тэрээр тэмдэглэв. АНУ-ын энэ систем оросын стратегийн хүчинд заналхийлж магадгүй хэмээн Д.Медведев үзэж байна. Орос, АНУ пуужингийн системийн талаар үргэлжлүүлэн хэлэлцэж, аюул заналын талаарх мэдээлэл солилцохоор тохиролцсон тухай Барак Обама өөрийн зүгээс уламжлав. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ираны эсрэг хориг арга хэмжээ авах тухай асуудлыг хэлэлцэхийг Д.Медведев болон Барак Обама үгүйсгэхгүй байна. “Тегеран үр бүтээлтэй олон саналд хариу үйлдэл хийхгүй байна” гэж тэд үзэж байна.