Киргизийн ерөнхийлөгч Курманбек Бакиев эрх мэдлээ эрчимтэй алдаж байна. Түүний засгийн газар огцорчээ. Ардын түр засгийн газрыг нэрд гарсан улс төрч, Гадаад хэргийн сайд асан Роза Отунбаева тэргүүлж байна. Байр сууриа улсын хэмжээнд аажмаар бэхжүүлж байгаа сөрөг хүчний хяналтанд төр засгийн бүх байгууллага оржээ.  Киргизийн байдал ердөө хоёр хоногт эрс өөрчлөгдлөө. Тус улсын хойд хэсгийн мужийн төв Талас хотод 4-р сарын 6-нд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал дэгдэж, дараа нь тус бүгд найрамдах улсын бусад хотод эсэргүүцлийн ажиллагаа болжээ. Тус улсын удирдлагын явуулсан бодлогод хүн ам дургүйцэж, эсэргүүцлийн арга хэмжээ болсон байна. Дээд зэргээр авилгад автаж, амьжиргааны түвшин дордсон гол шалтгаан юм. Нийслэл Бишкект төр засгийн хүчний анги нэгтгэл гал нээсэн ч, эсэргүүцлийн цуглаанд оролцогчид улсын телевиз, парламентын барилга, дараа нь засгийн ордоныг эзэлсэн юм. 4-р сарын 7-ны орой бүх зүйл дууссан байна. Сөрөг хүчин их үнээр яллаа. Гудамжинд гарсан мөргөлдөөний үеэр олон арван хүн амь насаа алдаж, хэдэн зуун хүн шархаджээ. Харин ерөнхийлөгч Бакиев эрх мэдлээ зүгээр нэг тавиад өгчих бодолгүй байгаа бололтой. Тэрээр албан тушаалаасаа огцроогүй, улс орны өмнөд хэсэгт эсэргүүцлийн ажиллагаа зохион явуулахыг оролдож байна гэж Роза Отунбаева хэлсэн юм. Тэрээр Батлан хамгаалахын сайдын хамт өмнөд өргөө нь оршдог Ош хот руу нисчээ. Сүүлийн үеийн мэдээгээр Киргизийн сөрөг хүчин Ош мужийн засаг захиргааны барилгыг эзэлсэн байна. Үүний зэрэгцээ Киргизийн нийслэл Бишкек хотод тонуул, галдан шатаах, дэлгүүр дээрэмдэх зэрэг давалгаа тасрахгүй байна. Үл мэдэгдэх этгээд Үндэсний дүрслэх урлагийн музейд дайран орж, тэндээс үнэт зураг хулгайлжээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд хотын гудамжинд харагдахгүй байна. Ардын итгэл хүлээсэн ардын түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаева аюулгүй байдал хамгийн чухал асуудал тул одоо нөхцөл байдлыг хяналтандаа авах нь чухал гэж үзэж байна. Үүний зэрэгцээ Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Киргизд болж байгаа үйл явдал энэ улсын дотоод хэрэг гэж мэдэгдэв. Эсэргүүцлийн сонгосон хэлбэр нь төр засгийн тухайд ард түмний эгдүүцэл туйлдаа хүрснийг илтгэж байна. Хамгийн гол нь энэ нөхцөлд хүний амь дахин эрсдэхгүй байх, төрийн удирдлагыг сэргээх хэрэгтэй гэж ерөнхийлөгч үзэж байна. Киргиз Орос улсын стратегийн түнш байсан, байх ч болно. Тиймээс Москва тус бүгд найрамдах улсад өрнөж байгаа үйл явцыг онц анхааралтай ажиглана. Киргизийн ерөнхийлөгч Курманбек Бакиев түүний өмнө 2005 оны хувьсгалаар албан тушаалаасаа огцорсон төрийн тэргүүн асан Аскар Акаевын алдааг давтаж байна гэж Орос улсын ерөнхий сайд В.Путин юуны түрүүнд үзэж байна.  Бакиев “Алтан зул” нэртэй хувьсгалын дүнд засгийн эрхэнд гарахдаа төрийн эрхээс зайлуулсан ерөнхийлөгч Акаевыг садан төрлийн хэлхээ холбоо, тухайлбал Киргизийн эдийн засагт садан төрлийн хэлхээ үүсгэсэн хэмээн буруутгаж байсан юм. Ноён Бакиев нөгөө л алдаагаа давтаж байх шиг надад санагдаж байна гэж орос улсын ерөнхий сайд тэмдэглэв. Тэнд юу ч болсон энэ бол Киргизийн дотоод хэрэг хэмээн В.Путин үргэлжлүүлэн хэллээ. Албан ёсны төр засаг, сөрөг хүчин хүлээцтэй байж, хүч хэрэглэхгүй байхыг би уриалж байна. Мэдээж хэрэг энэ албан ёсны засаг захиргаанд хамаатай. Учир нь тэдний гарт хүчний байгууллагууд байна. Тэд одоо үйлчилж байгаа хуулийн хүрээнд ухаалаг алхам хийнэ гэж найдаж байна. Одоогоор Москва хотод оршин суугаа Аскар Акаев сайн дураараа албан тушаалаасаа огцрохыг Бакиевт уриалж, болж байгаа үйл явдлыг төр засгийн ард түмний эсрэг бодлого хэмээн нэрлэлээ. Энэ засаг бүх хүчээр тогтож үлдэхийг хичээнэ. Үйл явдал хэрхэн өрнөхийг хэлэхэд хэцүү хэмээн Акаев мэдэгдсэн юм. Бакиев сайн дураар бүрэн эрхээ шилжүүлбэл Киргизийн ард түмэнд хэрэгтэй гэж тэр хэлэв.
Орчуулсан Г.Нарангарав