Олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглааны дүнд засгийн эрхэнд гарсан Киргизийн түр засгийн газар тус улсын ерөнхийлөгч, сайд нарын танхимын үүргийг авлаа. Тус бүгд найрамдах улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүртэл хагас жил ажиллах түр засгийн газрын тэргүүн, мөн сөрөг хүчний удирдагч Роза Отунбаева өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Түүний хэлснээр сөрөг хүчин одоогоор улс орны долоон мужаас 4-ийг хянаж байна. Курманбек Бакиев ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсон тухай мэдэгдлийг Роза Отунбаева үгүйсгэв. Тэрээр одоо Желалабадад зэвсэгт эсэргүүцэл зохион байгуулж байна гэж сөрөг хүчний удирдагч  мэдэгдлээ. Арми, хилийн албад сөрөг хүчний талд шилжиж байгаа гэх мэдээлэл ирж байна. Бишкекээс ирсэн мэдээгээр тэнд байдал аажмаар тогтворжиж байна. Өглөө дэлгүүр, зах ажиллаж эхэлжээ. Хүмүүс будаа, сахар, гурил, давс зэрэг хүнсний бүтээгдэхүүн нөөцөлж байна. Сөрөг хүчин засаг захиргааны байрыг хамгаалж байна. Талас хотод даваа гаригт олон нийтийг хамарсан цуглаан эхэлж, дараа нь Киргизийн нийслэл, бусад бүс нутагт цуглаан болжээ. Эрүүл мэндийн яамны сүүлийн үеийн мэдээгээр Бишкект гудамжинд болсон мөргөлдөөний үеэр 70 орчим хүн үрэгдэж, 500 гаруй хүн шархадсан байна.