Зарим мэдээгээр тус улсын ерөнхийлөгч Курманбек Бакиев байгаа гэх Киргизийн Ош хотод эсэргүүцлийн цуглаан болов. Гэрчүүдийн ярьснаар цуглаанд сөрөг хүчний 500 орчим дэмжигч оролцжээ. Парламентын гишүүн асан Асылбек Жеенбековын удирдаж буй цуглаан "Засгийн эрхийг ард түмэнд", "Бакиев зайл" уриан дор болж байна. Жагсагчид Ош хотод болж байгаа цуглаанд бусад хотоос хүмүүс нэгдэнэ хэмээн найдаж, мөн дэмжигчиддээ өдөөн хатгалгад автаж, тонуул хийхгүй байхыг   уриаллаа. Ерөнхийлөгчийг дэмжигчид түүнийг дэмжин цуглаан хийхийг оролдсон ч, эсэргүүцлийн ажиллагаа явуулж байгаа сөрөг хүчний дэмжигчид тэднийг тараажээ. Киргизийн өмнөд хэсэг нь Бакиевийг дэмжигч хүн амын олонх нь оршин суудаг бүс нутаг хэмээн үзэж байсан юм. Ерөнхийлөгч Курманбек Бакиев мужийн Ош хотод өмнөд хэсгийн өргөөндөө байгаа тухай Киргизийн батлан хамгаалах яам батлав.
Орчуулсан Г.Нарангарав