Киргизийн байдал хурцдаж байна. Сөрөг хүчин, төр засгийн мөргөлдөөн уламж хурцдаж, хүмүүс хохирч, сөрөг хүчнийхнийг баривчилсан тухай мэдээ ирсээр байна. Төв Азийн энэ бүгд найрамдах улсад болж байгаа үйл явдлыг Москва анхааралтай ажиглаж байна. Орос улсын Гадаад хэргийн яам бүх санал зөрөлдөөнөө иргэддээ хор хохиролгүй, хүч хэрэглэлгүй шийдэхийг талуудад уриаллаа. Киргизийн хэд хэдэн бүс нутагт сөрөг хүчин мөн хууль сахиулах байгууллагын мөргөлдөөн 4-р сарын 6-аас эхэлсэн юм. Улс орны өнөөгийн удирдлагын эсрэг тэмцэж байгаа жагсагчид Талас мужийн захиргааны байрыг булаан эзэлсэн нь анхны дохио болжээ. Төр засаг тус бүс нутагт цагдаагийн нэмэлт хүчин илгээсэн байна. Жагсагчдыг тарааж, мужийн төвийн байдлыг хяналтанд авсан гэж Дотоод хэргийн яам мягмар гаригийн орой мэдэгдсэн юм. Жагсаалд оролцогчид мужийн захиргааны байрыг дахин эзэлсэн тухай хожим гэрчүүд хэлжээ. Дараа нь эмх замбараагүй байдал тус улсын хойд хэсгийн Нарын хот, мөн тус бүгд найрамдах улсын нийслэл Бишкек хотод гарчээ. Үүний зэрэгцээ Киргизд сөрөг хүчний зарим удирдагчийг баривчилж, эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйлээр ноцтой ял тулгаж байгаа тухай тус бүгд найрамдах улсын ерөнхий прокурор хэллээ. Киргизд орос, казах интернет вэб хуудаст нэвтрэх боломжийг хаажээ. Үүнээс гадна тус улсад “Эхо Москвы”, “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг бүр эрт дээрээс хаасан юм. Киргизийн өнөөгийн байдлыг “Хойд болон Өмнөд хэсгийн дайн” гэж хэлж болно гэж ТУХН-ийн орнуудын хүрээлэнгийн орлогч захирал Владимир Жарихин үзэж байна.  Үүний тулд газрын зураг харахад л хангалттай. Талас хот хойд зүгт оршдог. Тус бүгд найрамдах улсын удирдах шатанд хойд нутгийнхны нөлөө ихэссэнд дургүйцсэн өмнөд нутгийнхан алтан зул хэмээн нэрлэсэн хувьсгалын гол хөдөлгөх хүчин байсныг бид санаж байгаа. Одоо байдал тэс өөр байна. Ерөнхийлөгч Бакиев хойд нутгийнхныг дэмжих бодлогоо залруулахдаа өмнөд нутгийнханд ашигтай байдлаар тэдний ашиг сонирхолыг дэндүү хөсөрдүүлжээ. Үүнээс гадна Бакиевийн хүү Киргизийн бараг бүх бизнесийг гартаа авсанд сэтгэл дундуур байна. Мөн Бакиев сүүлийн үед сөрөг хүчнийг дэндүү хааж боож, тэдэнд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах боломж олгоогүй юм. Өнөөгийн байдал энэ бүхнээс үүдэлтэй. Байдал дахин “өнгөт” хувьсгал дэгдэх хэмжээнд бүү хүрээсэй гэж би их хүсч байна. Миний бодлоор ерөнхийлөгч Бакиев сөрөг хүчинтэй ярилцаж, тохирох хэрэгтэй. Саяхан Киргизд айлчилсан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун хүлээцтэй байж, яриа хэлэлцээ хийхийг сөргөлдөгч талууд уриалсан юм. Тэрээр ерөнхийлөгч Бакиевтай уулзахдаа хүний эрхийг сахин мөрдөхийг тус бүгд найрамдах улсын эрх баригчдад уриалсан байна.
Орчуулсан Г.Нарангарав