Орос улс оны адагт ГЛОНАСС системийн 7 хиймэл дагуул хөөргөнө. Тэгэхлээр тойрог замд 27-28 аппарат байнга ажиллана. ОХУ-ын ерөнхий сайд В.Путин мягмар гаригт Москва орчмын Оддын хотхонд болсон зөвлөлгөөний үеэр ийнхүү мэдэгдлээ. Орос улсын аюулгүй байдлыг хангахад ГЛОНАСС систем чухал ач холбогдолтой хэмээн тэрээр тэмдэглэсэн гэж Интерфакс агентлаг уламжлав. “Дэлхийг хамарсан байршилтай систем байхгүй тохиолдолд өндөр нарийвчлалтай зэвсгийг хөгжүүлэх аргагүй” гэж В.Путин хэллээ. Дотоод Хэргийн Яам хэргийг халуун мөрөөр илрүүлэхэд ГЛОНАСС систем тус болж байна. Үүнээс гадна навигацийн энэ системийг хөгжүүлснээр шинэ технологи, орчин үеийн оюуны бүтээлийн эрэлт бий болж, эдийн засгийн удирдлагыг орвонгоор нь өөрчилж, тээвэр, хөдөө аж ахуй, орон сууцны аж ахуйн үр нөлөөг дээшлүүлж байна гэж ерөнхий сайд тэмдэглэв. Дэлхийн нисэх хүчин, сансрын өдрийг тохиолдуулан В.Путин сансрын нисэгчдэд баяр хүргэж, Оддын хотхоны ахуй байдлыг дээшлүүлнэ хэмээн амлав.