Стратегийн Давшилтын Зэвсгийн /СДЗ/ талаарх шинэ хэлэлцээрт гарын үсэг зурахын өмнө болж байгаа орос-америкийн яриа хэлэлцээний гол зарчим нь талуудын аюулгүй байдлын тэгш, хуваагдашгүй байдал байна. Талуудын тохиролцоогоор бүгд хүсч, зорьж байсан стратегийн тогтвортой байдлын тэнцвэрт байдлыг тодорхойлсон гэж Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.  Орос, АНУ-ын ерөнхийлөгч нар жилийн өмнө Лондонд уулзахдаа, СДЗ-ийн талаарх бүрэн хэмжээний шинэ хэлэлцээр боловсруулах яриа хэлэлцээ эхэлүүлэхээр шийдсэн юм. Яриа хэлэлцээ 5-р сард эхэлсэн юм. Швейцарийн Женев хотноо “төвийг сахисан” нутаг дэвсгэрт орос, америкийн төлөөлөгчид бараг 10 удаа уулзаж, баримт бичгийн зүйл бүрийг нарийн боловсруулжээ. Д.Медведев, Барак Обама нар өөр хоорондоо тогтмол утсаар ярьж, өөрсдөө яриа хэлэлцээний үйл явцыг хянаж, нэн чухал асуудал шийдэхэд шууд оролцож байлаа. Эцсийн дүнд баримт бичгийн бүх зүйлийг тэгш эрхийн үндсэн дээр чанд тодорхойлсон гэж Сергей Лавров тэмдэглэв. Зэвсэг хураах тухай дурын тохиролцоо тэр дундаа СДЗ-ийн талаарх бүрэн хэмжээний шинэ хэлэлцээр зэрэг нэн чухал барим бичиг нь яриа хэлэлцээнд оролцогч төлөөлөгчдийн боловсруулсан ээдрээтэй харилцан хамааралтай цогц тохиролцоонд түшиглэж байна. “Стратегийн тогтвортой байдал” гэх ойлголтыг тодорхойлж байгаа ашиг сонирхолын тэнцвэрийг хадгалах нь хамгийн чухал юм. Бид үүнийг хийж чадсан, урьдчилан таамаглах боломжтой энэ нөхцөлд бүгд хожино гэж бид үзэж байгаа. Хэлэлцээрт зааснаар Орос, АНУ гэрээ үйлчилж эхэлснээс хойш долоон жилийн дараа талууд тус бүрт тив хоорондын баллистик пуужин, шумбагч хөлөг онгоцны баллистик пуужин, хүнд бөмбөгдөгч зэрэг тээгч 700 нэгжээс хэтрэхгүй байхаар СДЗ-ээ хорогдуулж байна. Харин байлдааны цэнэгт хошуу 1550 ширхэгээс хэтрэх ёсгүй юм. Оросын талын шаардаснаар шинэ хэлэлцээрт стратегийн давшилтын болон батлан хамгаалах зэвсгийн харилцан хамаарлыг нарийн тусгасан байна. Мөн үүнийг хуулиар баталгаажуулжээ. АНУ-ын Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг Европт байрлуулах өнөөгийн төлөвлөгөөнд Москва ундууцахаас аргагүй. Нэг талын шийдвэрээр пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байгуулах тухайд Вашингтоны хэрэгжүүлж байгаа алхамыг Москва одоохондоо анхааралтай ажиглаж байна. Хэрэв энэ нь Орос улсын аюулгүй байдалд заналхийлж байвал Москва гэрээнээс гарна гэж Сергей Лавров хэллээ. Талууд стратегийн батлан хамгаалах системийн түвшинг тогтоосон нөхцөлд хэлэлцээр байгуулна. Энэ түвшинг өөрчилснөөр талууд тус бүр цаашид СДЗ-ийг хорогдуулах үйл явцад оролцох эсэх асуулыг шийдэх эрхтэй байна. АНУ стратегийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системээ чанар, тоо хэмжээний хувьд өргөжүүлснээр Оросын стратегийн цөмийн хүчний үр нөлөөнд ноцтой нөлөөлж эхэлбэл Орос улс тухайлбал энэ гэрээнээс гарах эрхтэй юм. Мэдээж хэрэг энэ нөлөөллийн түвшинг бид Орос улс тодорхойлно.  Орос, АНУ-ын төрийн тэргүүн нар 4-р сарын 8-нд СДЗ-ийн талаарх шинэ хэлэлцээрт гарын үсэг зурна. Москва, Вашингтон шинэ түвшинд харилцан итгэж байгааг тусгасан, бүх бүрэлдэхүүн хэсэгт тэгш эрхтэй энэ төрлийн баримт бичигт анх удаа гарын үсэг зурах гэж байна. Баримт бичгийг 4-р сарын эцэс хүртэл Улсын Дум болон Конгресст батлуулахаар оруулж магадгүй хэмээн Сергей Лавров хэлсэн юм.
Орчуулсан Г.Нарангарав