Москвагийн метронд террористууд халдаснаас хойш 9 хонож байна. Амиа золиослогч этгээд “Лубянка”, “Парк культуры” өртөөнд дэбэрэлт үйлдэсний уршгаар 40 хүн амь үрэгдэж, нийслэлийн эмнэлэгт янз бүрийн гэмтэлтэй 100 гаруй хүн байна. Москвад болсон эмгэнэлт үйл явдал нь хэт даврах бүлгийн явуургүй бодлын нэг хэсэг байсан. Нийслэлд алан хядах ажиллагаа болсны дараа Дагестаны Кизляр хотод, мөн даваа гаригт Ингушетийн Карабулак хотод амиа золиослогч этгээд халдлаа. Энэ бүх эмгэнэлт үйл явдлын үеэр хүний амь эрсдэжээ. Москвагийн метро одоо ердийн горимоор ажиллаж байна. Зорчигчид ажил, сургуульдаа яарч, метро урьдын адил хөл хөдөлгөөн, чимээ шуугиан ихтэй байна. Харин “Лубянка” болон “Парк культуры” өртөөнд сэтгэлд эвгүй уур амьсгалтай байна. Хүмүүс эмгэнэлт хэрэг гарсан газар алхаагаа удаашруулан дөхөж, зарим нэг нь цэцэг тавьж байна. Үнэн алдартны шашны уламжлалаар амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг ес дэх хоног дээр хүндэтгэдэг заншилтай. Кизлярт болсон алан хядах ажиллагааны үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг мөн хүндэтгэж байна. Энэ хотод долоо хоногийн өмнө цагдаагийн эргүүлийн машин явах үеэр автомашин дэлбэлсэн юм. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа эмч, мөрдөн байцаагчид хэргийн газар ажиллаж байх үеэр амиа золиослогч этгээд тэдний дунд өөрийгөө дэлбэлжээ. Энэ үеэр 12 хүн үрэгдэж, 20 гаруй хүн шархадсан юм. Ингээд даваа гаригт Ингушетийн Карабулак хотын цагдаагийн хэсгийн байрны урд бас давхар алан хядах ажиллагаа болжээ. Энэ үеэр цагдаагийн 2 ажилтан үрэгдэж, 4 хүн шархадсан байна. Мөрдөн шалгах хороо дэлбэрэлт үйлдэхэд оролцсон этгээдүүдийг илрүүлэхээр ажиллаж байна. Дэлбэрэлт үйлдсэн гол хүнийг нэрлээгүй ч, өнөөгийн байдлаар бүх утас Хойд Кавказд чиглэж байгаа нь ойлгомжтой гэж Оросын шинжлэх ухаан академийн соёл иргэншил болон бүс нутгийн судалгааны төвийн Кавказын хэлтсийн дарга, улс төрч Энвер Кесриев ярьж байна.  Кизляр, Карабулак зэрэг сүүлийн үед болсон алан хядах ажиллагаа нэг гинжний үеүүд шиг өөр хоорондоо их ижил, нэг төвөөс үүрэг болгож, зохион байгуулж байна. Цагдаагийн газар дахин алан хядах ажиллагаа үйлдэхээс сэргийлэхэд боломжтой бүхнийг хийж, Кавказ бүсэлсэн цайз мэт байна. Хэт даврах үзлийн эсрэг бараг дайн болж байна.  Хууль сахиулах байгууллага үр нөлөөтэй ажиллахад иргэдийн дэмжлэг хэрэгтэй гэж Улсын Думын Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Хорооны гишүүн Александр Гуров үзэж байна. Тэдний тусламжгүй террористуудтай тэмцэж, олон нийтийг цочроохгүй байх аргагүй гэж депутат хэлэв.  Террористууд оросын нийгмийг тогтворгүй болгож чадахгүй. Нийгэм, төр засаг бол агуу хүчин. Террористууд үймээн самуун дэгдээж, хохирол учруулж ч чадна, олон арван хүний амь насанд хүрч, лалын шашинтнуудыг шашны учир шалтгаанаар маргалдуулж ч чадна. Нийгэмд асар их хэмжээний хохирол учруулж, үүнийг тогтворгүйжүүлнэ гэдэгт би итгэхгүй байна. Эмгэнэлт үйл явдал гарахаас сэргийлэхийн тулд төр засаг, цагдаагийн байгууллага өөрсдөөс хамаарах бүхнийг хийж байна гэж Александр Гуров үргэлжлүүлэн хэлэв. Наад зах нь хэд хэдэн алан хядах ажиллагааг тухайлбал Оржоникизевская сууринд алан хядах ажиллагаа гаргахаас сэргийлсэн. Улаан өндөгний баярын өдөр үнэн алдартны шашны оршуулгын газар дэлбэрэх хэрэгсэл байрлуулсныг аюулгүй болгосон байна.
Орчуулсан Г.Нарангарав