Олон арван мянган жагсагч өнөөдөр өглөө Таиландад дэлхийн томоохон банкуудын салбар зэрэг санхүүгийн байгууллага, нийслэлийн худалдааны томоохон төв оршдог Бангкокийн ажил хэргийн болон аялал жуулчлалын төвийг бүсэлжээ. Парламентыг тарааж, засгийн газрыг огцруулах шаардлагыг биелүүлэхээс нааш эсэргүүцлийн арга хэмжээгээ үргэлжлүүлнэ гэж Дарангуйллын эсрэг ардчиллын төлөөх нэгдсэн фронтын удирдагч Жатупорн Промпан эрх баригчдад амлав. Сөрөг хүчин 3-р сарын 12-оос Бангкок хотод олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал хийж байна. Цэрэг, цагдаагийн 50 мянга орчим хүн хотод эмх журам сахиулж байна. Элчин сайдын яам нөхцөл байдлыг ажиглаж, нутаг нэгтнүүддээ Бангкокт очихгүй байхыг зөвлөсөн гэж Орос улсаас Таиландад суугаа консул Андрей Дворников ИТАР-ТАСС агентлагт уламжилжээ. Одоогоор Таиландад байгаа хүмүүсийг жагсаал цуглаан болж байгаа газар очихгүй байхыг зөвлөжээ. Таиландын бусад хотод байдал хэвийн байна гэж дипломатч нэмж хэлэв.