2010 оны эцэс хүртэл рублийн ханш сайжирна. 33,9 рубль байна хэмээн төлөвлөж байсан бол шинэ онд доллар 28 хүртэл рубльтэй тэнцэж магадгүй байна. ОХУ-ын Засгийн газрын дэд сайд, Сангийн сайд Алексей Кудрин ийм мэдэгдэл хийв. Нефтийн үнэ өсөнө гэсэн хандлагад түшиглэн үндэсний валютын ханш сайжрах тухай итгэлтэй хэлж байна.  Рублийн ханшийг сайжруулах нөлөөтэй нефтийн үнэ өсч, засгийн газрын дэд сайдын мэдэгдлийг тэр даруй баталлаа. Баасан гаригийн арилжааны эцэст брэнт болон лайт маркийн баррель нефтийн үнэ тус бүр 84,5 болон 85 доллар байв. Өнгөрсөн гуравдугаар сард 2 хувиар бэхжсэн рублийн ханш ойрын саруудад дор хаяж 5 хувиар сайжирна гэж шинжээчид үзэж байна. Ойрын хоёр жилд ханш ийм байдлаар сайжирна гэж зарим эдийн засагч таамаглаж байна. Дэлхийн эдийн засаг, үйлдвэрлэл сэргэснээр “хар алтны” эрэлт нэмэгдэнэ. Рублийн ханш хэт сайжирах нь оросын эдийн засагт эерэг болон сөрөг нөлөөтэй. Үндэсний валютын ханш сайжирснаар төсвийн орлого буурна гэж РБК агентлагийн аналитик мэдээллийн газрын захирал Александр Яковлев дүгнэж байна. Тиймээс Орос улсын засгийн газар рублийг барих бодлого хэрэгжүүлнэ. Төв банк, засгийн газар энэ өсөлтийг барихын тулд хангалттай их түрэмгий арга хэмжээ авна гэж би бодож байна. Оросын эдийн засаг зөвхөн түүхий эдээс бүрдэж байгаа нөхцөлд үндэсний валютын ханш сайжирах нь их муу талтай. Рублийн ханш өсөх давуу тал их хэмээн Улсын Думын санхүүгийн зах зээлийн асуудал эрхэлсэн Хорооны орлогч дарга Лиана Пепеляева үзэж байна. Үндэсний валютанд итгэх итгэлийг дээшлүүлэх нааштай үр дүнтэй. Үүний эрэлт ч нэмэгдэж байна. Хэрэв ханш эрс хэлбэлзэхгүй бол иргэд, компани рублийн зээл их авна. Жижиг, дунд аж ахуйн нэгж гаднаас санхүүжилт авахад бэрхшээлтэй байдаг нь нууц биш юм. Тэд юуны түрүүнд манай дотоодын зээлийн зах зээлд түшиглэдэг. Долларын рубльтэй харьцах ханш унаснаар олон байгууллага, аж ахуйн нэгж илүү бага үнээр импортын шинэ тоног төхөөрөмж авч, үйлдвэрлэлээ шинэчлэх болможтой гэж депутат үзэж байна. Рублийн ханш өссөнөөр инфляцийн түвшин буурч, оросын дотоод зах зээлд макро эдийн засаг тогтворжихыг илтгэж байна. Энэ нь юуны түрүүнд хүн амын худалдан авах чадвар, мөн долларын бус хадгаламж нэмэгдэхэд нөлөөлнө. Энэ бүх хүчин зүйлс эдийн засагт ач тустай байна. Төв банк эерэг, сөрөг бүх талыг анхааралдаа авч, рублийн ханшийг илүү уян хатан болгохын тулд тохиролцооны бодлого явуулж байна. Төв банк валютын зах зээлд ялимгүй интервенц хийснээр рублийн өсөлтийг үл мэдэг барина. Хөндлөнгөөс энэ мэт бага зэрэг оролцоход оросын эдийн засгийг сэргээхэд таатай нөлөөлнө гэж шинжээч үзэж байна.
Орчуулсан Г.Нарангарав