Орос, Венесуэл улс зэвсгийн хүчинд бус олон улсын хууль эрхийн хэм хэмжээнд түшиглэсэн олон туйлт ертөнц байгуулахын төлөө байна. Орос улсын ерөнхий сайд В.Путин болон Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес нар Каракаст болсон яриа хэлэлцээний төгсгөлд хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. Орос-Венесуэл улс батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухайд түгших хэрэггүй гэж В.Путин дэлхийн хамтын нийгэмлэгт уриалж, хэрэв бүх орны цэргийн жилийн зардлыг нэмбэл АНУ-аас бага байна гэж тэрээр сануулав. Яриа хэлэлцээний үеэр талууд нисэх онгоц, хөлөг онгоц байгуулах, эрчим хүч, боловсрол, тээвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх томоохон багц баримт бичигт гарын үсэг зурав. Оросын компани дэлхийд томоохонд ордог Ориноко голын сав газар Хунин-6 нефтийн орд газрыг боловсруулахад 1 тэрбум доллар оруулна. АВТОВАЗ компани Венесуэлд хоёр мянга гаруй автомашин нийлүүлж, “Лада” маркийн автомашин угсрах үйлдвэр барина. Венесуэлийн тал Оросын дэмжлэгээр анхны атомын цахилгаан станц барих сонирхолтой байгаагаа илэрхийлэв. В.Путин Каракаст айлчлахдаа Боливийн ерөнхийлөгч Эво Моралестай хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцааг хөгжүүлэх тухай яриа хэлэлцээ хийсэн юм.