Иргэний нийгмийг хөгжүүлж, хүний эрхийг хангахад Туркмен улс сүүлийн 3 жилд ахиц дэвшил гаргасан. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Туркмены ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовтай уулзасны дараа Ашхабадад болсон хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдэв. ИТАР-ТАСС агентлагийн уламжилснаар НҮБ-ын тэргүүн төв Азийн орнуудаар хийх айлчлалаа Туркменээс эхэлжээ. Тэрээр Киргиз, Узбекистан, Казахстан, Тажикистан улсад айлчилна. Ерөнхийлөгч Бердымухамедов 2007 оноос Туркменийг тэргүүлэхдээ улс орныг хөгжүүлэх хэд хэдэн чухал арга хэмжээг баталсан хэмээн Пан Ги Мун тэмдэглэв. Зах зээлийн эдийн засгийн бодлогыг баталсан шинэ үндсэн хуулийг баталж, мөнгөний шинэчлэл хийж, шинжлэх ухааны Академийг байгуулсан. Туркмен зөв замдаа явж байгаа бөгөөд 2015 онд “Мянганы хөгжлийн” хөтөлбөрийн зорилтыг биелүүлэх боломжтой гэдэгт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга итгэлтэй байгаагаа илэрхийлэв.