Москва болон Кизлярт алан хядах ажиллагаа үйлдсэн буруутай этгээдүүдийг шуурхай илрүүлэхэд тусгай албад болон мөрдөн байцаагчид шаардлагатай бүхнийг хийж байгаа гэдэгт ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев итгэлтэй байна. Улс орны төрийн тэргүүн баасан гаригт Кремльд парламентын намын төлөөлөгчидтэй уулзахдаа энэ тухай мэдэгдэв. “Аюулаас хамгаалах албаны захирал мөрдөн шалгалтыг хангалттай шуурхай хийж байгаа тухай өчигдөр надад мэдээлсэн. Ямар үр дүн гарахыг харая. ОХУ-ын Прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах хороо болон тусгай албад буруутныг илрүүлж, мөрдөн шалгалтыг чанартай, шуурхай явуулахад шаардлагатай бүхнийг хийж байгаа гэдэгт би итгэлтэй байна” гэж Д.Медведев хэллээ. Дагестанд байдал тогтвортой, тайван байна гэж ерөнхийлөгч өчигдөр тэнд очоод ийнхүү хэллээ. “Гэхдээ Кизлярт болсон алан хядах ажиллагаа Москвад болсон алан хядах ажиллагаатай гарцаагүй холбоотой, үүнд оролцсон этгээдүүдийг тогтоож байна” гэж төрийн тэргүүн тэмдэглэв. Терроризм гэгч ноцтой үйл явдалтай холбогдуулан олон нийтийн хэвлэл мэдээлийн хэрэгсэлд төр засаг, тусгай албадын үйл ажиллагааг бүхэлд нь эрс шүүмжилж байгаад гайхах зүйлгүй гэж Д.Медведев хэлэв. Москвагийн метроны “Лубянка”, “Парк культуры” хоёр өртөөнд даваа гаригт болсон дэлбэрэлтэд 40 хүн үрэгдэж, 90 гаруй хүн эрүүл мэндээрээ хохирсон юм. Үүнээс хоёр хоногийн дараа Кизлярт автомашин дэлбэлж, дараа нь амиа золиослогч этгээд шуурхай албадын ажилтнуудын байсан газар тэсрэх бөмбөг дэлбэлсэн юм. Энэ үеэр 10 хүн үрэгдэж, 20 гаруй хүн хохирчээ