Оросын төр засаг террорист аюул заналыг хүн амд мэдээлэх шинэ систем нэвтрүүлэх бодолтой байна. Аюул заналын түвшинг “өнгөөр” тодорхойлох юм. АНУ болон гадаадын хэд хэдэн оронд ийм систем бий. Аюулгүй байдлын таван шатлалтай мэдээллийн системийг ногоон, цэнхэр, шар, улбар шар, улаан өнгөөр тодорхойлно. Өнгө бүр аюулын тодорхой түвшинг илтгэнэ. “Ногоон”, “цэнхэр” өнгө аюул бага болохыг илтгэнэ. “Шар” өнгө төр засаг аюултай объектыг их ажиглаж байгаа түгшүүрийн дохио юм. “Улбар шар” өнгө нь байдал ноцтой, Онц байдлын горим тогтоож байгааг илэрхийлнэ. “Улаан” өнгө алан хядах ажиллагаа үйлдэж болзошгүйг сэрэмжлүүлж байгаа хэрэг юм. Мэдээллийн шинэ систем нүдэнд харгдахуйц, ахархан хугацаанд олон хүнд хүрэх боломжтой байна. Дэлгүүр, метро өртөө, нисэх буудал, вокзал, гудамжинд байрлах /гэрлэн диод, дэлгэц, плазм багана/ зэрэг мэдээллийн электрон тээгчид холбогдох өнгө бүхий мэдээллийг бодит цагийн горимоор буюу шууд дамжуулна. Аюулын түвшний талаар мэдээлэл дамжуулахын зэрэгцээ холбооны болон орон нутгийн шуурхай албад, холбооны субъектын терроризмын эсрэг комисс үйл ажиллагааны шинэ дүрэм мөрдөнө гэж Улсын Думын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Михаил Гришанков ярьж байна: Терроризмын эсрэг үндэсний хороо урьд энэ саналыг боловсруулж байсан юм. Ойрын өдрүүдэд энэ саналыг Улсын Думд өргөн барьж, бид үүнийг шуурхай батална гэж бодож байна. Террорист аюул заналыг хэд хэдэн түвшингээр тодорхойлох хэмжүүр АНУ-ын адил тав бус гурван түвшинтэй байна.  Шинэ систем нэвтрэх хүртэл онц байдлын үед иргэдэд мэдээлэл дамжуулах чанга яригч, телевиз, радиогийн сүлжээ, үүрэн телефон утас зэрэг өнөөгийн хэрэгслийг ашигласаар байна. Москвагийн метроны аюулгүй байдлыг хангах тухайд нийслэлийн метроны нэг өртөөнд ойрын үед аюулгүй байдлыг хангах хамгийн сүүлийн үеийн систем суурилуулна гэж Онц байдлын яамны тэргүүн Сергей Шойгу хэллээ:  Бид ойрын 3-4 сард москвагийн метроны нэг өртөөнд туршилтын томоохон төсөл хэрэгжүүлэх ёстой. Өнөөгийн байдлаар аюулгүй байдлыг хангаж байгаа бүх системийг энэ өртөөнд байрлуулж, суурилуулна. Нийслэлийн метроны хамгийн ачаалалтай өртөөний нэг дугуй шугамын “Белорусская” өртөөнд дээд зэргийн мэдрэмжтэй хий задлан шинжлэх төхөөрөг ажиллана гэж сайд хэлсэн юм. Датчикууд хийн болзошгүй халдлагаас зорчигчдыг хамгаална. Ойрын үед москвагийн метроны бусад өртөөнд мөн ийм аппарат суурилуулах юм.
Орчуулсан Г.Нарангарав