Өөрт хамаагүй зовлон гэж үгүй. Тусламж шаардлагатай хүний оронд хэн ч байж болно. Монгол улстай хил залгаа оршдог ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улс энэ жил монголын малчдад тулгарсан зовлон зүдгүүрээс хол суусангүй. Зуданд олон сая малаа алдсан онц байдалтай холбогдуулан Бүгд найрамдах Буриад улс хөрш оронд туслахаар шийджээ. “Оросын улаан загалмай нийгэмлэгийн” бүс нутгийн салбар тус бүгд найрамдах улсын оршин суугч, төрийн байгууллагын удирдлага, бизнес эрхлэгчдээс малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг хүсчээ. Тус бүгд найрамдах улсын оршин суугчид тусламжийн гараа сунгасан гэж олон нийтийн энэ байгууллагын бүс нутгийн салбарын дарга Ирина Манжиева ярьж байна. Бүгд найрамдах Буриад улс Монгол улстай найрамдал, сайн хөрш, хамтын ажиллагааны уламжлалт барилдлагатай. Өөрөөр ч байх аргагүй. “Улаан загалмай нийгэмлэгийн” бүс нутгийн салбар хэдэн хоногийн турш ачаа хүлээж авч, ангилж, тарааж байна. Монголын малчдад хүмүүнлэгийн тусламж цуглуулсан эхний хоёр өдөр “Улаан загалмай нийгэмлэгийн” Улаан-Үд дэх цэгт эсгий гутал, шүдэнз, угаалгын нунтаг, саван, давс, гоймон, будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн цуглажээ. “Барис” худалдааны төв, “Титан” Нээлттэй хувьцаат нийгэмлэг зэрэг тус бүгд найрамдах улсад нэрд гарсан томоохон байгууллагын төлөөлөгчид энэ бүхнийг авчирсан юм. Буриад эхчүүд хүүхдийнхээ угааж, индүүдсэн хувцасыг мөн авчирсан байна. Томчуудад зориулсан хувцасыг мөн авчирчээ.  Тусламжийн барааг долоо хоногийн эцэст хүртэл цуглуулж, Онц байдлын яамны хүчээр ачааг Монголд хүргэнэ. Бид өдөр бүр амралтгүй ажиллаж байна. Тус бүгд найрамдах улсын оршин суугчид чадах чинээгээрээ тусалж байна. Буриадад энэ өвөл маш хүйтэн амаргүй байлаа. Өвлийн улирлын урьд зун, намрын улирал гандуу байсан. Тэгэхлээр их биш ч, чадах чинээгээрээ хөрш оронд тусалж байна. Хүмүүнлэгийн тусламж цуглуулахын зэрэгцээ Буриадад “Байгалбанк”-ны салбарт Монголын малчдад туслах хандивын данс нээжээ.
<сонсох>
Орчуулсан Г.Нарангарав