Дагестанд алан хядах ажиллагаа болон бусад онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах, байнга ажиллах бүлэг байгуулна. Кизляр хотод лхагва гаригт хоёр хүчтэй дэлбэрэлт болсны дараа Орос улсын прокурорын газрын дэргэдэх Мөрдөн шалгах хороо ийм шийдвэр гаргажээ. Дэлбэрэлтийн уршгаар 10 хүн үрэгдэж, 37 хүн эрүүл мэндээрээ хохирсон тухай Онц байдлын яамнаас уламжлав. Дотоод хэргийн хэлтсийн байрны урд эхний дэлбэрэлт болжээ. Амиа золиослогч этгээдийг жолоодож явсан минажуулсан автомашин дэлбэрсэн байна. Хэргийн газар цугласан олны дунд цагдаагийн дүрэмт хувцастай амиа золиослогч өөр этгээд дэлбэрэлт үйлджээ. Ваххабизмыг баримтлагч Дауд Жабраилов болон Дауд Магомедов нар дэлбэрэлт үйлдэснийг тогтоосон байна. Хойд Кавказд байдал хурцадсантай холбогдуулан Орос улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Александр Хлопонин холбооны энэ тойрогт тус бүс нутгийн удирдалгуудтай онц зөвлөлгөөн хийж байна.