Хойд Кавказаас нийслэлд сурдаг оюутнууд пүрэв гаригт Москва хотын төвд террорист ажиллагааны улмаас хохирсон хүмүүст цус өгөх аян өрнүүлж байна. Москвагийн метронд болсон дэлбэрэлтэд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг өчигдөр янз бүрийн хотод зохион байгуулсан Оросын залуучуудын хөдөлгөөний санаачилгыг тэд дэмжжээ. Москва, Санкт-Петербург, Краснодар зэрэг хотод минут номхон зогсож, гашуудлын цуглаан эхэлсэн байна. Хүмүүс зул өргөж, амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг номхон зогсож хүндэтгэсэн юм. Террористууд оросын ард түмний амгалан байдлыг эвдэж, нийгэм тогтвортой хөгжихөд саад хийхийг эрмэлзэж байгаа гэх гол санааг хүмүүс индэрээс илэрхийлж байв. Тэдний төлөвлөгөө хэрэгжих хувьгүй гэдэгт залуучуудын хөдөлгөөний идэвхтнүүд итгэлтэй байна. Оросын иргэний нийгэм өөрсдийн аргаар террорист аюул заналын эсрэг тэмцэхэд бэлэн гэж “Манайхан” хөдөлгөөний удирдагч Никита Боровиков хэллээ.  Ямар ч террорист ажиллагаа нь хүмүүсийг айлгаж, өөрсдийн ертөнцөд бүгэхэд чиглэснийг бид мэдэнэ. Та ганцаараа биш, хүнд үед таныг дэмжихэд бэлэн гэдгийг бид хүн бүрт хэлмээр байна. Мэдээж хэрэг террористуудад бид юунаас ч айгаагүй, өрөөндөө бүгээд суухгүй, манай улс хүчирхэг гэдгийг бид хэлмээр байна. Харин манай нийгэм бол нягт, хүчирхэг билээ. Энэ удаа улс төрийн хүсэл зориг бус нийтийн гай зовлонгоор нэгдсэн иргэд өөрсдөд нь эвтэй аргаар эв санаа нэг, терроризмын эсрэг тэмцэхэд бэлэн болохоо илэрхийлж байгаа бол оросын төр засаг улс орны тухайлбал тээврийн аюулгүй байдлыг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлж байна. Ерөнхийлөгч Д.Медведевийн зарлигаар 2014 онд Орос улсын бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэлд аюулгүй байдлыг хянаж, мэдээлэх орчин үеийн үр нөлөөтэй систем суурилуулах юм. Хэдэн сарын дараа нийслэлийн метроны нэг өртөөнд төслийг хэрэгжүүлнэ. Энэ өртөөнд Орос улс болон гадаадын хяналт, хамгаалалтын хэрэгслийг бодит цагийн горимоор туршиж, гарсан дүгнэлтэд түшиглэн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн систем боловсруулна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд техникийн бэрхшээл гарахаас гадна их зардалтай юм. Хүний амь насыг хамгаалах тухай ярьж байгаа тохиолдолд мөнгө хэмнэж болохгүй. Тиймээс Засгийн газрын тэргүүн В.Путин хөрөнгө мөнгөнд санаа зовнихгүй байх баталгаа өгсөн юм. Хамгийн гол нь санал болгож буй шийдвэр нь үр нөлөөтэй байх хэрэгтэй.
Орчуулсан Г.Нарангарав