Москва хотод “Лубянка”, “Парк культуры” метро өртөөнд болсон дэлбэрэлтэд амь үрэгдсэн хүмүүсийг оршуулж байна. Өнөөдөр орос улсын нийслэлийн оршуулгын газар 8 хүнийг нутаглуулжээ. Орос улсын бусад бүс нутагт өөр 16 хүнийг нутаглуулна. Москвагийн төвд лхагва гаригт амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цуглаан болов. Мянган хүн Лубянкийн талбайд ирж, цэцэг тавьж, зул өргөв. Триумфальный талбайд олон хүнийг хамарсан “Терроризмын эсрэг залуу үе” залуучуудын цуглаан болов. Нийслэлийн метронд 3-р сарын 29-нд хоёр дэлбэрэлт болох үеэр 39 хүн үрэгдэж, 95 хүн эрүүл мэндээрээ хохирсон юм. Чечений зэвсэгт этгээдүүдийн тэргүүн Доку Умаров халдлагын хариуцлагыг хүлээжээ. Түүний тушаалаар халдлагыг зохион байгуулсан тухай мэдэгдэл бүхий дүрс бичлэг интернетэд тавьжээ. Москвагийн метронд болсон дэлбэрэлтийг Хойд Кавказын лалын бүлэглэлийн этгээдүүд үйлдсэн байж болох хувилбарыг мөрдөн шалгаж байгаа тухай Орос улсын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев урьд мэдэгдсэн юм.