Орос улсын ерөнхий сайд В.Путин Хойд Кавказын цагдаагийн анги нэгтгэлийг бэхжүүлэхийг Дотоод хэргийн сайд Рашид Нургалиевт үүрэг болгов. Лхагва гаригт Дагестаны Кизляр хотод машин дэлбэлж, дараа нь алан хядах ажиллагаа болсон газар ажиллаж байсан шуурхай бүлгийн ажилтнуудыг амиа золиослогч этгээд дэлбэлсэн байна. Энэ үеэр 12 хүн үрэгдэж, 20 гаруй хүн шархадсан юм. Энэ хэргээс хоёр хоногийн өмнө москвагийн метроны хоёр өртөөнд дэлбэрэлт болж 39 хүн үрэгдэж, 95 гаруй хүн хохирчээ. Москвагийн метронд болсон алан хядах ажиллагааны үеэр амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд олгосон мөнгөн тусламжийн хэмжээтэй ижилхэн хэмжээний тусламжийг Дагестанд болсон алан хядах ажиллагаанд амь үрэгдсэн хүмүүийн ар гэрийнхэнд олгохыг ерөнхий сайд үүрэг болгов. Нэг бүлэглэл энэ хоёр алан хядах ажиллагааг үйлдэснийг ерөнхий сайд үгүйсгэхгүй байна. “Улс орны аль хэсэгт ийм төрлийн гэмт хэрэг гарсан, ямар үндэстэн, ямар шашинтай хүн алан хядах ажиллагааны бай болсон нь бидэнд чухал биш” хэмээн ерөнхий сайд мэдэгдэв. “Энэ Оросын эсрэг гэмт хэрэг гэдэгт үндэслэх хэрэгтэй” гэж В.Путин тэмдэглэв. Кизляр хотод хоёр дахь дэлбэрэлт үйлдсэн амиа золиослогч этгээд нутгийн оршин суугч Дауд Жабраилов болохыг тогтоожээ. Биеийн хэсгээс түүнийг хэн болохыг тогтоосон байна.