Оросын хууль сахиулах байгууллагууд Москвагийн метронд үйлдсэн алан хядах ажиллагаанд оролцсон байж болох этгээдүүдийн хүрээг тогтоолоо. Нийслэлийн цагдаагийн газрын дарга Владимир Колокольцев энэ тухай уламжлав. Метро өртөөнд байрлуулсан дүрс бичлэгийн ажиглалтын камераар тэднийг тогтоосон байна. Тэрээр дэлгэрэнгүй ярисангүй. Метронд орсон амиа золиолслогч хоёр эмэгтэйг славян төрхтэй хоёр эмэгтэй, Кавказ гаралтай нэг эрэгтэй дагалдаж явсан тухай урьд мэдэгдсэн юм. Хүмүүс олноор зорчдог цагаар буюу даваа гаригийн өглөө “Лубянка”, “Парк культуры” төв өртөөнд хоёр дэлбэрэлт болсон юм. Алан хядах ажиллагааны уршгаар 39 хүн үрэгдэж, 70 гаруй хүн эмнэлэгт байна.