Орос улс мягмар гаригт Өвөркавказын аюулгүй байдлын асуудлаарх Женевийн хэлэлцүүлэгт Гүрж, Абхаз, Өмнөд Осетид хүч үл хэрэглэх тухай баримт бичгийн төслийг танилцууллаа. Оросын төлөөлөгчдийн тэргүүн Григорий Карасин утсаар энэ тухай Женевээс уламжлав. Орос улсын төсөл хүч үл хэрэглэх тухай ирээдүйн тохиролцооны үндэс болно хэмээн Өмнөд Осетийн төлөөлөгчид хүлээн зөвшөөрлөө. Өмнөд Осетийн дайн 2008 онд дэгдэсний дараа Гүрж, Өмнөд Осет болон Гүрж, Абхазийн хооронд ийм хэлэлцээр байгуулах нь Женевийн хэлэлцүүлгийн гол сэдэв байна. Харин Гүрж энэ хоёр бүгд найрамдах улсыг урьдын адил алдагдсан нутаг дэвсгэрээ хэмээн үзэж, хоёр талын хэлэлцээрт гарын үсэг зурахаас эрс татгалзаж байгаа юм. Абхаз, Өмнөд Осетид үл халдах үүрэг хүлээсэн баримт бичигт Гүрж улс ерөнхийлөгч, гадаад хэргийн сайд нарын түвшинд гарын үсэг зурж, холбогдох тунхаглалыг Аюулгүйн Зөвлөлийн даргад илгээхийг Оросын загвар эхэд санал болгосон гэж Карасин тайлбарлав. Женев хотноо 6-р сарын 8-нд болох уулзалтаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.