Гадаадын орнуудын удирдагчид Орос улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нарт эмгэнэл илэрхийлсээр байна. Тэд мөн утсаар холбоо барьсаар байна. Тухайлбал мягмар гаригт Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес, Саудын Аравийн хаан Абдалла нар ерөнхийлөгч Д.Медведевтэй утсаар ярьсан юм. Алан хядах ажиллагаатай холбоотойгоор чин сэтгэлээсээ, гүнээ харамсаж байгаагаа тэд илэрхийлж, улс төрийн дурын хэлбэрийн хүчирхийлэл, терроризмыг устгах зорилгоор явуулж байгаа Орос улсын шударга тэмцэлд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн болохоо мөн мэдэгдлээ. Панам болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын ерөнхийлөгч нар мөн хүний амь эрсдсэнд гүнээ харамсаж, эмгэнэл илэрхийлэв. Ромын хамба лам Бенедикт 16 москвагийн метронд хүний амь эрсдэсэнд “гүнээ харамсаж”, хүчирхийллийн үйлдлийг эрс буруушаав. Франц, Болгар, Ливан, Япон, латин америкийн хэд хэдэн орны засгийн газрын тэргүүн, БНАСАУ-ын парламентын тэргүүн нар эмгэнэл илэрхийлэв. АНУ-аас Москвад суугаа элчин сайд Жон Байерли “Лубянка” метро өртөөний дэлбэрэлт болсон газар босгосон дурсгалын самбарын урд мягмар гаригт цэцэг өргөв. Москвагийн метронд даваа гаригийн өглөө болсон хоёр дэлбэрэлтийн уршгаар 39 хүн амь насаа алдаж, 87 хүн гэмтэж бэртсэн байна. Амь үрэгдсэн хоёр хүнийг хэн болохыг тогтоогоогүй байна.