Москвагийн метронд өнгөрсөн даваа гаригт болсон алан хядах ажиллагаанд амь үрэгдсэн хүмүүсийг Орос улсад өнөөдөр оршуулж байна. Амь үрэгдсэн хүмүүсийг Москва, Москва орчимд, Калугад нутаглуулна. Орос улсын нийслэлийн захиргаа эмгэнэлт үйл явдлын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн, энэ үеэр эрүүл мэндээрээ хохирсон хүмүүст материаллаг тусламж үзүүлнэ хэмээн амалсан юм. Өчигдөр Москва хотод гашуудлын өдөр зарласан юм. Хотын бараг бүх сүмд хойтын буян үйлдлээ. Гуравдугаар сарын 29-нд дэлбэрэлт болсон "Лубянка", "Парк культуры" метро өртөөнд хэдэн зуун хүн амь үрэгдсэн хүмүүсийн гэрэл зураг, цэцэг зэргийг тавьж, зул өргөж байлаа. Сүүлийн үеийн мэдээгээр хоёр удаа болсон дэлбэрэлтэд 39 хүн амь насаа алджээ. Энэ үеэр хохирсон 70 гаруй хүнийг эмнэлэгт хүргэжээ. Ерөнхийлөгч Д.Медведев Москвагийн метронд болсон алан хядах ажиллагааг "аймшигт гэмт хэрэг" хэмээн нэрлэж, үүнийг зохион байгуулсан хүмүүсийг илрүүлж, устгана хэмээн амласан юм. Ерөнхий сайд В.Путин тээврийн хэрэгсэлийн аюулгүй байдлыг чангалах үүрэг өгсөн юм.