Сүүлийн үеийн мэдээгээр Москвагийн метронд болсон дэлбэрэлтэд өртсөн 72 хүн эмнэлэгт байна. Орос улсын Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яамнаас энэ тухай мэдэгдэв. Урьд дэлбэрэлтэд 68 хүн хохирсон тухай мэдээлж байсан юм. Одоогоор таван хүний биеийн байдал нэн хүнд, 27 хүн хүнд, 34 хүний биеийн байдал дунд зэрэг байна. Тус яамны вэб хуудаст дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн нэрсийн дэлгэрэнгүй жагсаалт, эмнэлгийн холбоо барих утсыг тавьжээ. Ерөнхий сайд В.Путин Красноярскт хийх айлчлалаа зогсоож, дэлбэрэлтэд хохирсон хамгийн олон хүнийг хүлээж авсан Ботинскийн эмнэлэгт даваа гаригийн орой очсон юм. Тэрээр алан хядах ажиллагааны үеэр амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн, мөн энэ үеэр эрүүл мэндээрээ хохиросон бүх хүнийг сувилалд эмчлэхийг үүрэг болгов. Алан хядах ажиллагааны үеэр амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн нийт дүнгээр нэг сая доллар авах тухай урьд мэдэгдсэн. Эрүүл мэндээрээ хохирсон хүмүүст нөхөн төлбөр олгоно. Москвагийн метронд даваа гаригийн өглөө амиа золиослогч эмэгтэй дэлбэрэлт үйлдэсний уршгаар 39 хүн амь насаа алдсан юм. Даваа гаригийн өглөө алан хядах ажиллагаа болсон хоёр метро өртөөний нэг “Лубянка”-д Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев даваа гаригийн орой очиж, амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн тэнд цэцэг өргөжээ.