Тохиролцоонд хүрсэн хэмээн өчигдөр зарласан Стратегийн Давшилтын Зэвсгийн /СДЗ/-ийн шинэ хэлэлцээрийг орос, америкийн улс төрчид дэмжиж, сайшаалаа. Д.Медведев, мөн Барак Обама нар 4-р сарын 8-нд Прага хотод гарын үсэг зурах СДЗ-ийн шинэ хэлэлцээр нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж байна. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Россия 24” телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр энэ тухай мэдэгдэв. Аюулгүй байдлын хуваагдашгүй, тэнцүү байх зарчмыг мөрдөн, тэгш эрхийн үндсэн дээр СДЗ-ийг бодитой хорогдуулах талаар тохиролцох гол зорилтыг хэрэгжүүлсэн гэж тэрээр үзэж байна. Орос, АНУ-ын стратегийн давшилтын зэвсгийг 30 гаруй хувиар хорогдуулах тухай шинэ хэлэлцээрийг Орос улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, генерал Николай Макаров өндөр үнэлсэн юм. Шинэ хэлэлцээрт Орос улсын түгшиж байсан асуудлыг харгалзаж, тус улсын аюулгүй байдлын ашиг сонирхолыг бүрэн хангаж байна гэж тэрээр мэдэгдлээ. Америкийн засаг захиргаа хэлэлцээрийг сайшааж байгаагаа мэдэгдэв. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухайд шинэ хэлэлцээр АНУ, Орос улсын манлайллыг бэхжүүлж, “хүйтэн дайн” жинхэнээсээ ард хоцорсныг баталлаа гэдэгт итгэлтэй байгаагаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон илэрхийлэв. Ерөнхийлөгч Барак Обама болон Д.Медведев нар утсаар ярисны дараа Цагаан ордоны зохион байгуулсан тусгай хэвлэлийн бага хурлын үеэр Пентагоны тэргүүн Роберт Гейтс шинэ хэлэлцээр цөмийн тогтвортой байдлыг бэхжүүлж байгааг тэмдэглэв. Батлан хамгаалахын сайд хэлэлцээр цаашид америкийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах америкийн системийг тэр дундаа Европт байгуулж, байрлуулахыг “огт бариагүй” болохыг хэд хэдэн удаа давтах шаардлагатай гэж үзсэн бололтой. Эсрэг тохиолдолд Конгрессын сенатад баримт бичгийг батлахад ихээхэн бэрхшээлтэй тулгарна хэмээн Барак Обамад анхааруулсан бүгд найрамдах намын гишүүн хууль тогтоогчид үүнийг шаардаж байгаа юм. Орос-америкийн СДЗ-ийн шинэ хэлэлцээрийг АНУ батлах сайхан ирээдүй байгаа гэдэгт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга итгэлтэй байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийлэв. Америкийн сенатчидаас өгсүүлээд бүгд зөвлөлгөөнд оролцоно гэж Хиллари Клинтон тэмдэглэв. “Эцсийн дүнд Сенатын дийлэнх олонх энэ нь Америкийн ашиг сонирхолд нийцэж байгаа, улс төрийн гал тогооноос хол болохыг ойлгоно” гэж бодож байна хэмээн тэрээр мэдэгдлээ. СДЗ-ийн шинэ хэлэлцээрийг хойшлуулалгүй батлах шаардлагатай талаар Сенатын гадаад хэргийн асуудал эрхэлсэн хорооны дарга Жон Керри мэдэгдсэн юм. Баримт бичгийг Конгресст өргөн барьсан даруйд ардчилсан болон бүгд найрамдах намын бүлгийн төлөөлөгчид эв санаагаа нэгтгэж, баримт бичгийг сайшаана гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр илэрхийллээ. Америкийн хэд хэдэн улс төрч цөмийн зэвсгээ хорогдуулах үйлсээ зогсоохгүй байхыг Орос, АНУ-ын засгийн газарт уриалж байна. Хоёр орны засгийн газар бүр одооноос цөмийн хүчнээ тэр дундаа тактикийн зэвсгийг илүү гүнзгий хорогдуулах талаар бодож эхлэх хэрэгтэй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Генри Киссинжер, Жорж Шульц, Батлан хамгаалахын дэд сайд Уильям Перри, сенатын гишүүн асан Сэм Нанна нарын хамтарсан мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Тэд АНУ, Орос улс СДЗ-ийн талаарх шинэ хэлэлцээрийн талаар тохиролцсоныг талархаж, баримт бичгийг нэн даруй батлана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Үүний зэрэгцээ энэ өөдрөг байр суурьтай америкийн бүх түшмэд санал нэг биш байна. Америкийн ерөнхийлөгч асан бага Бушийн үед АНУ-аас НҮБ-д сууж байсан элчин сайд Жон Болтон шинэ хэлэлцээрт гарын үсэг зурах тухайд урьдаас хөөрөхгүй байхыг анхаарууллаа. “Шинэ хэлэлцээрийн талаарх өөдрөг байр суурьтай санал нэг биш байна. Энэ хэлэлцээр АНУ-д хэрэгтэй гэж бодохгүй байна” хэмээн Орос улстай шинэ хэлэлцээрт гарын үсэг зурах гэж байгаа тухай Цагаан Ордоны мэдэгдлийг ийнхүү тайлбарлав. Тогтоосон байлдааны цэнэгт хошуу, мөн тээгчийн хэмжээ нь АНУ-д ашиггүй гэж тэр үзэж байна. Хэлэлцээрийн бүрэн эхийг олон нийтэд танилцуулаагүй тул Цагаан ордны тараасан хэвлэлийн мэдээний заалтад түшиглэн ийнхүү дүгнэж байгаагаа Жон Болтон тэмдэглэв.