Монгол хэлтэй ард түмэн оршин суудаг 10 орны төлөөлөгч энэ зун Улаан-Үд хотод цуглана. Дэлхийн монгол туургатны 4 дэх чуулган Буриадын нийслэлд болно. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганд оролцохоор шийдсэн байна. Үүнтэй холбогдуулан энэ өргөн хүрээтэй арга хэмжээг зохион явуулах ажлын хэсгийн дарга, Буриадын бүгд найрамдах улсын засгийн газрын орлогч дарга Баяр Балжиров саяхан Улаанбаатар хотноо монголын ажил нэгт нөхөдтэй яриа хэлэлцээ хийгээд иржээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шийдвэрийг Буриадын бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Вячеслав Наговицынд дамжуулсан. Монгол улсын ерөнхийлөгч Улаан-Үд хотод ирснээр чуулга уулзалтыг маш өндөр, улс хоорондын түвшинд өргөж байгаа хэрэг юм. Чуулганд өөр орны ерөнхийлөгч оролцож байгаа тул Орос улсын дээгүүр тушаалын төлөөлөгч зайлшгүй оролцох хэрэгтэй болно. Монголын талын саналаар Дэлхийн монгол туургатны чуулганы хүрээнд “Глобалчлал болон монголын ертөнц” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын монгол, буддизм, төвд судлалын хүрээлэнд түшиглэн бага хурлыг зохион явуулна. Орос, монгол, хятад, англи хэл бага хурлын ажлын хэл байна. Бага хуралд дэлхийн түвшний нэрд гарсан хэд хэдэн эрдэмтнийг урина. Бага хуралд оролцогчид орчин үеийн ертөнц дэх монголчууд, янз бүрийн оронд суугаа монгол үндэстнүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, буддын соёл, урлаг, буддизм болон соёл иргэншлийн үйл явц зэрэг асуудлыг хэлэлцэнэ.  Чуулганыг зохион байгуулагчид үүнд оролцогчдод таатай дурсамж үлдээх, энэ арга хэмжээг ер бусын болгож, чимэх арга хэмжээг төлөвлөгөөндөө багтаажээ. Тухайлбал Монгол улсын нийслэлээс мориор аялах элч нар Улаан-Үд хотод орчин үеийн Монгол улсын өмнөх гурав, мөн одоогийн ерөнхийлөгчийн мэндчилгээг хүргэх юм. Дараа нь тэд чуулганы төгсгөлд батлах “үр саддаа дамжуулах илгээлт”-ийг Улаанбаатар хотод авчирна. Манай бүгд найрамдах улсын сонирхолтой, үзэсгэлэнтэй газруудаар мориор аялна гэж Бари Балжиров хэлэв. Орос-монголын харилцааны түүхэнд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн Хяхт хотод олны анхаарлыг хандуулахад энэ тус болно. Цагтаа энэ хот худалдааны чухал төв, Төв Ази дахь Оросын бэхлэлт байсан юм. Морин аялал Буриадад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тус болно. Чуулганыг зохион байгуулагчид соёл-спортын хөтөлбөрт ихээхэн анхаарал хандуулж байна. Энэ хөтөлбөрт Буриад сур харвааны шувтаргын тэмцээн, Ази болон Дэлхийн аваргууд зэрэг Монголын шилдэг бөхчүүдийн үзүүлэх тоглолт багтсан. Улаан-Үд хотод монголын жүжигчид, эстрадын одод хүрэлцэн ирнэ. Чуулга уулзалтад оролцогчид Байгал нуурт очих юм. Чуулганд оролцогчид болон Буриадын оршин суугчдад монгол хэлтэй ард түмний чуулган олон жил дуурсагдахад Улаан-Үд хотынхон бүхнийг хийж байна. Бид та бүхэнд Улаан-Үд хотод болох дэлхийн монгол туургатны дөрөв дэх чуулганы талаар өгүүллээ. Бүгд найрамдах Буриад улсын засгийн газрын хүсэлтээр “Оросын дуу хоолой” радио чуулганд мэдээллийн дэмжлэг үзүүлж байна.
<сонсох>