Америкийн шаттл хөлөг нислэгээ зогсоосны дараа оросын “Союз” сансрын хөлөг 2017 он хүртэл олон улсын сансрын станцад сансрын нисэгчдийг хүргэх цорын ганц хэрэгсэл байна. Пуужин-сансрын “Энергия” корпорацийн тэргүүн Виталий Лопота “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. Түүний хэлснээр ойрын 7 жилд АНУ, Япон, Европт оросын “Союз” хөлөгтэй өрсөлдөх сансрын хөлөг бүтээхгүй юм. “Энергия” компани шинэ технологиор ийм дөрвөн хөлөг бүтээж байгаа тухай Лопота ярилаа. Америкийн “Индевор” шаттл хөлөг хамгийн сүүлд 5-р сарын 31-нд олон улсын сансрын станцад нислэг үйлдсэн юм. Энэ хөлгийг бүр 1981 онд ашиглалтад оруулжээ.