Д.Медведев Орос улсын ерөнхийлөгчийн дэргэдэх биеийн тамир, спортыг хөгжүүлэх асуудал эрхэлсэн Зөвлөлийн бүрэлдэхүүнээс уран гулгалт, цанын уралдааны Холбооны дарга нарыг хаслаа. Төрийн тэргүүний зарлигаар Валентин Писеев болон Владимир Логинов нарыг 2014 онд Сочи хотод өвлийн олимпийн наадам, мөн 2013 онд Казаньд Дэлхийн зуны универсиадыг зохион явуулж, бэлтгэхэд оролцуулахгүй гэж Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав. Ванкуверт болсон олимпийн наадамд Оросын шигшээ баг тааруухан оролцсоны дараа ширүүн шүүмжлэлд өртсөн спортын түшмэд албан тушаалаасаа огцорч байгаа анхны тохиолдол энэ биш юм. Орос улсын Олимпийн хорооны тэргүүн Леонид Тягачев, мөн спортын дэд сайд Геннадий Алешин нар үүнээс өмнө албан тушаалаасаа огцорсон билээ.