Дэлхий дахинаа нэрд гарсан японы найруулагч Акира Куросавын 100 жилийн ойг Владивосток хотноо түүний анхны кинонуудын нэгийг үзүүлж, тэмдэглэж байна. “Барын сүүлээр явагсад” киног “Канзиге” кабуки театрын жүжгээс сэдэвлэн 1945 онд бүтээсэн юм. Найруулагч кино зохиолыг ердөө нэг шөнө бичиж, дээд амжилт тогтоосон хугацаанд буюу хоёр сарын дотор зургийг авчээ. Кинонд 12-р зууны Японы тухай, самурайн дайн, эр зориг, итгэл эвдэх зэргийг өгүүлдэг. Энэ кино шүүмжлэгчдийн дунд маргаан дэгдээж, төр засаг буруушааж байжээ. 1945 онд дайнд ялагдсан Япон улс сэтгэл санааны хүнд үед байсан тул үнэнч, зарцдаа зодуулсан жанжны тухай өгүүлдэг киног олонд үзүүлж болохгүй хэмээн цагдан хянаж, кино 1952 он хүртэл тавиур дээр хэвтжээ. Кино 65 жилийн дараа ч ер бусын хувцас, жүжигчдийн давтагдашгүй ур чадвар, гайхалтай хөгжим, нарийн хошигнол зэргээр үзэчдийг татсаар байна. Нэрд гарсын найруулагчийг өнөө хир Приморийн хязгаарт элгэмсэг дотно дурсан санадаг. Тэрээр Уссурийскийн хязгаарын гайхалтай байгалын талаар дэлхий дахинаа таниулсан нэрд гарсан хүмүүсийн нэг юм. Оросын аялагч, зохиолч Владимир Арсеньевийн бүтээлээс сэдэвлэн, Куросавын найруулсан орос-японы “Дерсу Узала” кино дэлхийн кино урлагийн түүхэнд чухал үйл явдал болсон юм. Энэ кино 1975 онд шилдэг гадаадын кино төрөлд “Оскарын” шагнал, мөн Москвагийн олон улсын 9 дэх кино наадам алтан шагнал, кино шүүмжлэгчдийн олон улсын холбооны шагнал хүртсэн юм. Киног 90 гаруй орон худалдан авсан билээ.