Орос улсын ерөнхий сайд В.Путин, мөн БНХАУ-ын орлогч дарга Си Циньпин нар Москва хотноо Хятад хэлний жилийг нээлээ. Орос хэлний жилийг Хятад улсад явуулсан тухай В.Путин сануулсан юм. Соёлын солилцоо нь сайн хөршийн харилцааг бэхжүүлж, харилцан бие биенээ хүндэтгэхэд түлхэц болно гэж ерөнхий сайд үзэж байна. Орос хэл үзэж байгаа хятад хүмүүс, мөн хятад хэл үзэж байгаа орос хүмүүс жил ирэх тусам нэмэгдэж байна. Орос дууны уралдаанд түрүүлсэн хятад бүсгүйн тухай В.Путин жишээ болгон ярилаа. Бүсгүй уралдаанд оролцохын тулд ажлаа таслаад, халагджээ. БНХАУ-ын дарга Ху Зиньтао түүнийг шинэ ажилд ороход тусалсан байна. Энгийн иргэн, төрийн тэргүүн орос хэлэнд ийнхүү хандаж байгаад хүндэтгэж, талархах сэтгэл төрөхөөс аргагүй юм хэмээн В.Путин тэмдэглэв. Орос улсад 19 мянган хятад хүн сурч байгаа, мөн оросын 4 мянган хүн Хятадад сурч байгаа тухай БНХАУ-ын орлогч дарга Си Циньпин тэмдэглэв. Хоёр орны 100 гаруй их дээд сургуульд орос, хятад хэл зааж байна. Си Циньпи өнөөдөр Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевтэй уулзана. Тэд тууштай хөгжиж, урьд байгаагүй өндөр түвшинд хүрсэн стратегийн түншлэлийн өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэнэ гэж Кремль уламжлав.