Өнөөдөр сонсогч та бүхэнтэйгээ Боровск хотоор аялацгаая! Эртний Боровск хот, Москва хотоос баруун урд зүгт 80 км орших Протва голын эрэг дээр оршдог юм. Энэ агуу түүхтэй жижигхэн хотыг 13-р зуунаас эхлэн мэддэг юм. 17-р зуунд оросын Үнэн алдартны сүм хийдийг хагалан бутаргасан үймээн дэгдээгч лам Аввакум энд байрлаж байсан байна. 19-р зуунд Наполеон Бонапарт Москвагаас хөөгдөөд энд байсан юм. 20-р зуунд Оросын агуу их эрдэмтэн Константин Циолковский дирижаблийнхаа анхны загварыг Боровскоос хөөргөж байсан билээ. Оросын нутгийн гүний жинхэнэ амьдралыг мэдрэхийг хүссэн гэсэн хэн бүхний очих жинхэнэ газар бол Боровск яах аргагүй мөн! Мэдээж хэрэг хэдхэн хоногийн дотор нутгийн индиан болохгүй нь ойлгомжтой! Гэхдээ оросын хөдөө нутаг, москвагийн солиотой мэт амьдрал 2-н ялгааг шууд мэдрэх болно. Оросын хуучны хотуудыг алдаршуулдаг бүх зүйл Боровск хотод байна. Амгалан тайван байдалд умбан суух голын эрэг байна. Антон Чеховын «Вангийн хатан» өгүүлэлд мөнхөрсөн сүм энд байдаг билээ. Сансарын нислэгийн үндсийг тавигч Циолковскийн гэр музей энд байдаг. Орчин үеийнхэн түүнийг агуу их мөрөөдөгч гэж нэрлэдэг юм. Боровск хот сүм хийдийн гэгээлэг бүхнээр хүмүүсийн оюун ухааныг тэжээгээд зогсохгүй, эндхийн хоолны газар «Галлейн сүүлт од» гэдэг котлетоор дайлдаг байна. Энд бас нэг их нэрд гараагүй ханын усан будгийн зураач, бал чулуун сийлбэрчин Владимир Овчинников амьдардаг бөгөөд харамсалтай нь түүнийг хотын захиргааныхан хүлээж авдаггүй байна. Ер нь Боровск хот бол Орос улсын жижигрүүлсэн загвар юм. Тэгсэн хирнээ, киевын хурдны замаар цаг хагас давхиад л очно. Энэ хотын цорын ганц, гурван хүний долоохон өрөөтэй «Боровск» зочид буудалд байрлаж болно. Тэгээд ч Боровск хот маань өөрөө тийм ч том биш, ерөөсөө 12 мянганхан хүн амтай. Арван жилийн өмнө энэ хотод «Оросын түүхт хот» гэдэг хүндтэй нэрийг олгожээ. Хойноос урд зүг рүү мушгиран урсах Протва гол, хотыг шатрын хөлөг шиг хуваажээ. Толгодын орой дээрээс гол болон хот руу харахад сүм дуган, хуучны байшингууд, голын эрэг руу түрэн орсон хашаанууд гээд л ер бусын зүйлс харагдана. Энэ бол байгал зурдаг зураачдын жинхэнэ очих л газар. Хот, гол, байгалын энэ хослол нутгийн зураачдын зургуудад тусгалаа олж Боровскын зурагын үзэсгэлэнд хэдийнээ байраа эзлэжээ. Эдгээр зураачдын ихэнх нь Боровскыг оросын сувд эрдэнэ гэж үздэг билээ. Эртний славяны суурингаас эхлэлтэй хотыг хэдэн цагаар харсан ч уйдахгүй! Хотын гол сум Благовещенийн хийдийн дүр төрхийг мартахын аргагүй. Хотын захын байгалын байдал арай өөр болж байна, учир нь нарсан ойн төгөл гол руу түрэн орж иржээ. Эндхийн Пафнутьев-Боровын эрэгтэйчүүдийн сүм 1444 онд байгуулагджээ. Энэ сүмд эмэгтэйчүүдэд хатуу ханддаг бөгөөд одоо ч гэсэн хаалган дээр нь «Банзалгүй, малгайгүй бүү ор!» гэсэн бичээс байсаар байна. Үүдэн дээр хүүхнүүдэд банзалыг орлосон даавуу өгч байна, жинстэй бол санахийн гарз! Ах дүү хуврагуудын барьсан саарал талхийг үүдэнд зарж байна. Бас өөрийн ариун горхитой юм байна. Эндхийн сүмийн ширээт лам Власий, оросын үнэн алдартны сүм хийдийн нэр төртэй төлөөлөгчийн нэг бөгөөд түүний сэтгэл амирлуулах ярилцлаганд орохын тулд хэдэн долоо хоногийн өмнөөс урьдчилан бичүүлдэг байна За ингээд хүмүүсийн амьдралын тухай өгүүлье! Аливаа хотод өөрийн манлайлагч хүн гэж байдаг.Боровск хотын энэ хүн бол зураач Владимир Овчинников яах аргагүй мөн. Энэ хотын байшингийн ихэнх хэсгийн ханан дээр түүний зургыг үзэж болно. Харин хотын ерөнхий архитекторч, Владимирын ханын зургыг арилгахыг оролдож байна. Түүний ханын зурагны сэдэв нь Орос улсын түүх, соёл, шинжлэх ухаан, утга зохиол зэрэг өргөн хүрээг хамарсан байдаг юм. Нэг удаа, түүний сүмийн хажуугаар гарсан замыг үргэлжлүүлэн зурсан ханыг нэг жолооч андуурч мөргөсөн удаатай. Энэ зураг үнэхээр бодитой юм шиг байсан хэрэг шүү! Мөн хотын түүхэн байшингууд дотроос 18-р зуунд барьсан худалдаачин Большаковын байшин байна. 1812 оны 10-р сард, Москваг шатаагаад ухарч явсан эзэн хаан Наполеон Бонапарт энэ байшинд нэг шөнө хоноглосон гэдэг. Өөр нэг аялах газар бол Константин Циолковскийн гэр музей юм. Сансар судлалын агуу их онолч, яг Боровск хотод 1886 онд аэростатыг зохион бүтээсэн бөгөөд агаарын төмөр хөлгийг жолоодож болно гэдгийг батласан билээ. Энэ бол дэлхийн анхны дирижабль байсан юм. Зохион бүтээгч маань жилд нэг удаа асар том агаарын бөмбөлөгөө хотын дээгүүр нисгэдэг байлаа. Хотын настан буурлууд, Протва голын усыг хага яран давхих түүний катамаран хурдан завийг сайн санаж байна. Өвөл нь тэр өөрийн зохиосон далбаат чаргаараа голын мөсөн дээгуур гулган давхидаг байлаа. Хөдөөгийн жижигхэн Боровск хотын дунд сургуулийн тооны багш Циолковский, оросын алс бөглүү нутгаас дэлхий ертөнцөд сансар огторгуйн замыг зааж өгсөн 20-р зууны агуу зөнч мэргэн байлаа