Өнөөдөр бүгдээрээ оросын Лапландаар аялацгаая! Лапландад хамгийн цэвэрхэн агаар, хамгийн цагаан цас байдаг гэж ярьдаг юм. Эртний Грекийн үлгэр домогт гардаг хүн төрлөхтний үүссэн эх орон, домогт Гипербореяг яг энд Оросын Колийн хойгын ариун гэгээн нууруудын дунд хайж байсан. Саамуудын шүтээн Сейдозерын түндрт, өнгөрсөн зууны 20-оод онд эрдэм шинжилгээний нууц экспедицийнхэн, эрт дээр үеийн эрдэм мэдлэгийн эрдэнийн санг олохыг оролдож байсан билээ. Энэ нутийн уугуул иргэд саамууд эрт дээр үеэс эндхийн уул, хад нуур цөөрөм, дов толгодыг бурханчлан шүтэж ирсэн билээ. Эдгээр газруудын Чуна, Поазуайвенч, Къедыквырпак, Мончо гэсэн нэрүүд нь бөөгийн шидэт уншлага мэтээ! Жишээ нь Монча гэдэг үгийг саам хэлнээс орчуулбал «үзэсгэлэнтэй сайхан» гэсэн утгатай. Энэ хязгаар нутагт үзэсгэлэнтэй сайхан лапланд хүүхний тухай домгийг одоо болтол ярьсаар байна. Хайртай залуу нь анд яваад ихэд удсан тул, тэр бүсгүй эргэж ирэхий нь хүлээж чадаагүй юм гэнэлээ! Уул даваа, ой модыг ширтэн нулимсаа урсган хүлээн суужээ. Түүний нулимснаас үүссэн нуурыг саамчууд Монча гэж нэрлэсэн билээ. Одоогоос яг 80 жилийн өмнө Колийн хойг дээр, Лапландын байгал, шим мандалын улсын дархан цаазат газрыг байгуулсан юм. 300 мянган гектар талбай бүхий энэ дархан газар, ховор амьтан, шувуу, ургамалын өлгий нутаг мэт. Энэ дархан цаазат газарт 30 төрлийн хөхтөн амьтан байдаг бөгөөд хүрэн баавгай, нохой зээх, суусар зэрэг араатануудыг харж болно. Энд байнга амьдардаг болон үүрээ засдаг 200 терлийн шувууд байна. Бүргэд, цагаан сүүлт бүргэд, шонхор, харцага, уйл зэрэг 5 төрлийн шувуу Орос улсын улаан номд орсон юм. Лапландын дархан цаазат газрын нийт талбайн талаас илүү хувийг аглаг ой эзэлдэг. Энэ газрын хамгийн үнэ цэнэтэй зүйл нь энэ юм. Дэлхий дээр 3-10 мянган жил ургасан аглаг ойтой газар цөөхөн бизээ! Ийм ойг ургамал судлаачид «өндөр настай» гэж нэрлэдэг юм. Оросын Лапландын аглаг ойн зарим мод 6 зууны настай бөгөөд 30 метр өндөр юм.Дархан цаазат газрын нөгөө нэг тал нь өндөр уул, хадан хясаатай, хүйтэн уст гол, нууруудтай түндр юм. Бас хөвд, тэрэлжээр бүрхэгдсэн балчиг, намагтай юм. 1200 метрийн өндөр өргөгдсөн уул нурууд нь 250 сая жилийн өмнө үүсчээ. Дархан цаазат газраар Баренцев болон Цагаан тэнгисийн усны хагалбар дайрдаг бөгөөд түүний 8.5 мянган гектар нутаг бас хамгаалалтын бүсэд багтдаг байна. Лапландын түндр нь хойноосоо урагшаа урссан цэвэр тунгалаг уст гол горхинуудтай бөгөөд тэдгээр нь одоо болтол, хүрхэд хэцүү тайгын гүнд хүн очих ганц зам болсоор байна. Найман зуун метрийн өндөр дэх толгодод, арктикын цөлийн ширүүн уур амьсгал ноёрхож байна. Тод ногоон хаг өвс угалзлан бүрхсэн хуйтэн саарал хаднууд, алс тэртээд нүцгэн уулсын ноён оргилууд сүндэрлэн харагдана. Дархан газар зуны цагт үнэхээр үзэсгэлэнтэй сайхан, зургаан сард тэрэлж цэцэглэж түүний анхилуун үнэрт тундр тэр чигээрээ мансуурч байх шигээ! Харин намар бол мөнхийн ногоон гацуур, нарс моднуудын дунд улаан шар өнгөтэй улиас, тэс моднууд алаглан харагдана. Цагаан хөвдөөр битүү хучигдсан тал нутагт алтан шар оройтой хус моднууд найган байна. Намхан толгодыг боловсорч гүйцсэн нэрс, анис хивс мэт бүрхжээ. Шөнийн тэнгэр туйлын туяагаар солонгорон харагдах нь үнэхээр мартагдашгүй сэтгэгдэл төрүүлнэ. Үүнийг саамчууд «үнэгэн гал» гэж нэрлэдэг байна. Энэ үед сансар хорвоо ойртоод ирэх мэт санагдана. Арван сард цас унаж эхлэнэ. Колийн хойг дээр өвөл их зөөлөн, заримдаа дулаарах ч үзэгдэл байдаг. Туйлын шөнө 12-р сарын эхнээс 1-р сарын эхэн хүртэл 4 долоо л хоног үргэлжилнэ. Хэд хэдээрээ бүлэг болж яваа хүмүүст зориулан зохион байгуулдаг экскурсийн үеэр туйлын чанад дах аглаг байгалтай танилцаж болно. 3-4-р сард дархан газрын туршлагатай хөтөчид Ельявруай горхийг даган аялаж нойрноос дөнгөж сэрж байгаа ойн амьтад, нисэн ирж байгаа нүүдлийн шувуудын тухай дэлгэрэнгүй ярьж өгнөө! Зөрөг замыг гэрэлтүүлсэн бөгөөд горхин дээгүүр гүүр тавьжээ. Тав дугаар сарын дундаас 6-р сарыг дуустал «Зуныг хүлээх зуур» сэдэвтэй экскурс зохион байгуулдаг. Та бүхэн ой хэрхэн нойрноосоо сэрж байгаа, мөчирт өлгөгдсөн туулайн зөлөөн ноолуур, мөнчийн ургах анхны мөөгүүдийг үзэх болно. Зургаан сарын эхээр ойн амьтад үүрээн засаж, нүхээн ухаж үр төлөө бойжуулах цаг аа! 6-р сарын дундаас, намар орой болтол, банз дэвссэн экологийн жимээр аялал зохион байгуулдаг байна. Тэнд та бүхэн мод ургамалын бүсчлэлийг үзэж, мөнх цэвдэгийн мөсөөр гялгар болтол нь үрж толь шиг болгосон «хуцны дух» гэдэг хадны цохиог үзэх болно.Та бүхэн оросын Лапландын тухай тэмдэглэл сонслоо.