АНУ-д хувийн компанийн бүтээж буй пуужин тээгчийн хөдөлгүүрийг туршлаа. Эндхийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд энэ пуужинг сансрын нисэгчдийг олон улсын сансрын станцад хүргэх ирээдүйн хэрэгсэл хэмээн нэрлэж байна. Туршилт талбайд дөрвөн хүрэхгүй секунд үргэлжилжээ. Дөрөвдүгээр сард туршилтын нислэг болно. АНУ-ын засаг захиргаа хүмүүсийг тойрог замд хүргэх аппаратыг бүтээх чадалтай хувийн компаниудад одоо онцгой найдвар тавьж байна. Энэ онд эсвэл ирэх оны эхэнд одоо бараг 30 жил болж байгаа шаттл хөлөг нисэх аргагүй болно. Харин НАСА-ийн “Орион” шинэ үеийн сансрын хөлөг 2017 оноос нислэг үйлдэнэ. Тэгэхлээр зөвхөн Оросын “Союз” хөлгөөр хэдэн жилийн турш сансрын нисэгчдийг олон улсын сансрын станцад хүргэнэ. “Колумбия” шаттл хөлөг 2003 онд сөнөсний дараа ийм байдалтай байсан. Сансрын аппарат бүтээх хувийн компаниудыг дэмжиж энэ зайг бөглөх боломжтой гэж Вашингтон үзэж байна. 2020 онд сарны аялалаас татгалзаж, суларсан хөрөнгийн зарим хэсгийг энэ зорилгод хуваарилжээ. НАСА саяхан пуужингийн хөдөлгүүр туршсан “Спейс Икс” мөн “Орбитал Сайенсиз” хоёр компанитай гэрээ байгуулсан юм. Энэ хоёр компани өөрсдийн хөлөг, пуужин тээгчийг бүтээж байна. Америкийн хувийн компаниудын бүтээсэн пуужин зөвхөн онолын хувьд оросынхтай бүрэн өрсөлдөх боломжтой. Хамгийн орчин үеийн технологи нэвтрүүлсний дүнд ачааг тойрог замд оруулах өртгийг нэлээд бууруулна. Хөлгийн тухайд байдал нэлээд төвөгтэй гэж сансрын салбарын шинжээч Игорь Афансьев “Оросын дуу хоолой” радиод ярилаа. Нэгдүгээрт ийм аппарат бүтээж байгаа америкийн хувийн компаниуд том биш, сансрын жолоодлогот техник бүтээх туршлагагүй юм. Үүнээс үүдээд хөлгийг хурдан бүтээж чадахгүй л болов уу. Тэгээд сансрын техникийн гэрчилгээ маш өндөр шаардлагатай. Америкийн сансрын нисэгчид хувийн компанийн бүтээсэн хөлгөөр сансарт нисэхийн тулд найдвартай эсэхийг олон туршилтаар батлах гэрчилгээ авах удаан үйл явцыг туулах ёстой. Энэ асуудал тийм ч хурдан шийдэгдэхгүй. 2017 онд тэд амжихгүй ч байж болох талтай. Пуужингийн хувьд ч мөн ялгаагүй амар биш. “Спейс Икс” компани хөдөлгүүрийг талбайд туршихаас өгсүүлээд төгс пуужин бүтээх хүртэл дэндүү их зам туулах хэрэгтэй. Одоогоор тус компани бага оврын прототип пуужин хөөргөх туршлагатай. Ийм таван пуужин хөөргөснөөс гурав нь амжилтгүй болжээ. НАСА, мөн америкийн засаг захиргаа хувийн компаниудад найдаж байна хэмээн мэдэгдэхдээ, нэрд гарсан шаттл хөлгийг даруй бүтээх аргагүй гэдгийг ойлгохгүй байна гэж Игорь Афанасьев үргэлжлүүлэн ярив. НАСА-ийн энэ мэдэгдэл аж үйлдвэрлэлээ өргөх гэсэн суртал ухуулгын шинжтэй. Ерөнхийлөгч Обама сар луу нислэг үйлдэх хөтөлбөрөөс татгалзсаны улмаас НАСА-г толгой гудайлгахгүйн тулд ямар нэг байдлаар нөхөх зүйл хэрэгтэй байсан. Үүнийг нөхөхөхийн тулд арилжааны компаниуд сансрын нисэгчдийг тойрог замд хүргэх аппарат бүтээх боломжтой хэмээн мэдэгдсэн юм. Америкийн ажиглагчид өөр нэг мөчийг дурсаж байна. “Колумбия” хөлөг сөнөсөн хэргийг шалгах комиссийн илтгэлд НАСА-ийн нислэгийн “аюулгүй байдал, найдвартай байдлын соёл” алдагдсан нь ослын гол шалтгаан байсан гэж тэмдэглэжээ. АНУ-ын үндэсний сансрын агентлагт ийм соёл дутсан бол арилжааны компаниуд илүү соёлтой байх нь юу л бол. 2017 онд НАСА-ийн шинэ хөлөг бэлэн болоход хувийн компаниуд дээд тал нь ачааг тойрог замд хүргэж чаддаг байна. Бүр сайнаар бодвол сансрын нисэгчдийг эх дэлхийд буцааж хүргэнэ.