Еврокомиссийн тэргүүн Жозе Мануэл Баррозу телевизийн “Имеди” компани Орос улстай дайн дэгдээсэн тухай зохиомол сурвалжлага дамжуулсанд “түгшиж байгаагаа” Гүржийн ерөнхий сайдад илэрхийллээ. Тэрээр Гүржийн ерөнхий сайд Никой Гилауритай Брюссельд лхагва гаригт уулзасны дараа энэ тухай мэдэгдэв. “Телевизээр ийм сурвалжлага явуулсанд би түгшиж байгаагаа илэрхийлж, бүс нутгийн байдлыг хурцатгах алхамаас зайлсхийхийг Гүржид уриаллаа” гэж Жозе Мануэл Баррозугийн хэлснийг ИТАР-ТАСС агентлаг иш татан мэдээлэв. Гүржийн “Имеди” телевиз бямба гаригт сөрөг хүчин бослого гаргаж, ерөнхийлөгч Михаил Саакашвилийн амийг хөнөөж, Орос улс нисэх хүчин болон хуурай замын хэсгийг ашиглан Гүржийн эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсэн тухай зохиомол сурвалжлага дамжуулсан юм. Мэдээллийн тусгай сурвалжлага хэлбэрээр гаргасан 20 минутын энэ сурвалжлага зохиомол болох талаар телевиз үзэгчдэд ганцхан өгүүлбэрээр мэдээлсэн ч, олон хүн үүнийг анхаараагүй байна. Үүний улмаас Гүржийн хэдэн зуун мянган үзэгч сандарч, дэлхий дахинд шуугиан дэгдсэн юм.